Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганыг хааж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ


2018.02.09

Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,

Нийт иргэд ээ,

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж, төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өндөрлөж байна.

УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль,УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг эдийн засгийн бодит өсөлтийг үндэслэлтэй тогтоох, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах зарчмыг удирдлага болгон хэлэлцэж баталсан.

Эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж, төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд төгрөг байхаар тооцсон. Энэ нь 2016 онтой харьцуулахад эдийн засаг 3.0 пунктээр өссөн, төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байхаар баталсан нь 2 жилийн өмнөхтэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурна гэсэн үг юм.

2018 оны төсөвт нийт 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, 29 сургууль, 15 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх зардлыг тусгаснаар ерөнхий боловсролын сургууль 3 ээлжээр хичээллэдэг, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдлыг халах боломжийг УИХ-аас бүрдүүллээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянга орчим ээжид сар бүр 50 мянга, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох хуулийг баталсан.

Малчдын тэтгэврийн насыг бууруулснаар 2018 онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох бөгөөд түүнд 44.6 тэрбум төгрөг,бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 137.4 тэрбум төгрөг баталж, 393 мянган ахмадын тэтгэврийг нэмэгдүүллээ.

Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 64 орчим хувийг ажлын байраар хангаж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарыг бүх талаар дэмжих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн үүсвэрийг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум төгрөг болголоо.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал энэ чуулганы онцгой анхааралд байлаа.

Миний бие оны өмнө захирамж гаргаж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар гарсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдолттой онц байдал зарлан тэмцэх асуудлыг судалж үзэхийг хүссэн албан бичиг ирүүлсэн. Хүсэлтийг судалж үзэхийг Ажлын хэсэгт даалгасан.

УИХ “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, баталлаа.

Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах, аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг тайлагнадаг албыг ажиллуулах, агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж, холбогдох хуулиудыг батлан гаргалаа.

УИХ-ын тогтоолоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03 дугаар зөвлөмж, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны 01, 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг 2018 оны хоёрдугаар сарын 01-ний дотор УИХ-д танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Тогтоосон хугацаа хэдийнэ өнгөрөөд байгааг холбогдох албан тушаалтнуудад сануулъя.

Түүнчлэн өнгөрсөн он жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэр хэмжээний хөрөнгийг юунд зарцуулсан, ямар үр дүн гарсан, хэдий хэмжээтэй хөрөнгийг үргүй зарлагадаж, завшиж шамшигдуулсан талаарх тооцоог эцэслэн гаргаж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох талаарх иргэдийн шаардлагыг заавал биелүүлэх ёстойг онцгой анхаарвал зохино.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай танилцаж, оновчтой шийдэл, арга хэмжээний санал боловсруулахаар ажиллаж байна.

УИХ агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийг өмнөх оноос 13.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 16.9 тэрбум болгосон. Энэ хөрөнгийг шөнийн цахилгааны үнийг хөнгөлөх, цахилгааны шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах шаардлагатайг холбогдох албан тушаалтнууд анхаарах биз ээ.

Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг эхлүүлэхэд зориулж 2018 оны төсөвт 10.0 тэрбум төгрөг тусгасан. Нийтдээ 35.0 тэрбум төгрөг зарцуулж 2020 он гэхэд энэ ажлыг дуусгах ёстой. Энэ онд нийслэлд 10.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хог ангилах төвийн барилга, байгууламж барих ажлыг эхлүүлнэ. Шаардагдах 1.0 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.

Агаар, орчны бохирдол зөвхөн Улаанбаатарынх биш, аймгийн төвүүд зэрэг нийт суурин газрын асуудал болоод байна. Засгийн газар, аймаг, орон нутгийн удирдлагууд асуудлыг хүндрэхээс нь өмнө шийдэх тодорхой төлөвлөгөө, арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх, ингэхдээ хөрс, усны бохирдлыг хамтад нь авч үзэх нь зүйтэй. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах, шингэрүүлсэн хий, эрчим хүчний хэмнэлттэй халаах төхөөрөмжийн ашиглалтыг дэмжих зэрэг ажлуудыг орон нутагт үе шаттай зохион байгуулах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал Төв банкны удирдлагын 2012-2016 оны хооронд явуулсан алдаатай үйл ажиллагаа, түүнээс улбаалан эдийн засаг, санхүүгийн салбарт үүссэн хүндрэл, бэрхшээлд дүгнэлт хийж, Төв банкны болон банкны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр холбогдох хуулиудыг баталлаа.

Эдгээр хуулиуд нь банкны салбарт дураар авирлах, Монгол банкны хараат бус байдлыг алдагдуулах, иргэн, хуулийн этгээд, банкинд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал үүсгэхээс сэргийлж, макро эдийн засгийг эрсдэлээс хамгаалах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөх, мөнгө хөрөнгөө алдах, төр татвар төлөгчдийн мөнгөөр банкны өмнөөс хариуцлага хүлээх явдлыг таслан зогсооход чиглэсэн юм.

Намрын чуулганаар бид төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар шинэчлэлийн томоохон алхам хийж чадсан гэж бодож байна.

2019 оноос хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар сонгуулийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээ зогсож, төрийн ажлын туршлагагүй хүн хариуцлагатай албан тушаалд томилогдох, улс төрийн үзэл хандлага болон ашиглан шамшигдуулах сэтгэлээр төрийн албанд хандах явдал хуулийн хүрээнд хязгаарлагдана.

Төрийн албанд анх орох буюу ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох шаардлага, шалгууртай боллоо. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага тавигдаж байгаа юм.

2020 оноос эхлэн илүү цагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч нэмэгдэл хөлс авах бол, төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад төрийн жинхэнэ албан хаагчтай адил 36 хүртэлх сарын үндсэн цалингийн хэмжээтэй нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Өнгөрсөн зун нийт нутгийн дийлэнх хэсэг гандуу, гантай байсны улмаас ургац алдах, мал аж ахуйд өвөлжилт хүндэрч болзошгүй байдал үүссэнийг харгалзан 2017 оны төсвийн тодотголоор хадлан тэжээл бэлтгэх, улсын нөөц бүрдүүлэх, өвс, тэжээл импортлоход зориулж 49.9 тэрбум төгрөг нэмж баталсан. Мөн малын тэжээл, өвсийг хямд байлгах, улаан буудай, гурилын үнийг тогтвортой хадгалахын тулд малын тэжээл, өвс болон 225.0 мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10.0 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Баруун бүс нутгийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг 2021 он хүртэл үргэлжлүүлэхээр болсон.

Намрын чуулганаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан нь мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, дунд хугацаанд гадаад зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал алхам боллоо.

Чуулганы хугацаанд УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 9 ажлын хэсэгт давхардсан тоогоор 70 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажил хийв. УИХ-ын гишүүдХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын филармони, Монголын үндэсний төв номын сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Налайх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс зэрэг 28 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцжээ.

Чуулганы хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газар болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад хандан давхардсан тоогоор УИХ-ын 25 гишүүн 93 асуудлаар 18 асуулга тавьж, 15 гишүүний 8 асуулгын хариуг сонсчээ.

УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, өргөжин тэлэв. Энэ чуулганы хугацаанд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад, миний бие БНСВУ-д айлчлал хийлээ.

Японы Төлөөлөгчдийн танхимын даргын айлчлал анх удаагийнх гэдгээрээ онцлог байлаа.

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Олон Улсын Парламентын Холбооны 137-р чуулган, БНСВУ-ын Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын Парламентын чуулганы 26-р хуралдаанд УИХ-ын дарга, дэд даргын түвшинд оролцсон нь Монгол Улсын төрийн бодлого, үйл ажиллагааг сурталчлахын сацуу дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтээ тайлагнаж, бүс нутгийн болон олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж дүгнэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Дүгнэж хэлбэл энэ парламент хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ыг тараах тухай яриаг зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс ч гаргах боллоо.

Үүнийг ажил сайжруулах санал гэж үзэж болох ч Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж, парламентын засаглалын ач холбогдол, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.

Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурч 2016 оны III улирлын байдлаар -1.6 хувь болсон, төсвийн орлого 2.3-10.4 хувиар тасардаг, алдагдал нь 3.6 их наядад хүрсэн улс орныг бид хүлээж авсан.

2012 оны VI сард Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 4.5 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол 2016 оны VI сард нийт 16.6 их наядад хүрсэн байв. Гадаадаас цэвэр дүнгээр 2.6 их наядын зээл авч, дотоодод 2.6 их наяд, гадаадад 4.3 их наяд төгрөгийн бонд гаргасан, мөн 2.0 их наядын өрийн баталгаа, 437.9 тэрбум төгрөгийн концессийн гэрээ байгуулсан, 595.2 тэрбум төгрөгийн векселийн үүрэг хүлээсэн Засгийг өмнөх эрх баригчид 2016 онд бидэнд хүлээлгэж өгсөн.

2015, 2016 онд 7.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай “Дим сам”, 10.8 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай “Мазаалай” зэрэг нийт 661.2 сая ам.долларын бонд, 11-18 хувийн хүүтэй, 3 сараас 3 жилийн хугацаатай дотоод бонд гаргаснаас гадна 2.5-9.0 хувийн хүүтэй, 1.3 тэрбум ам.долларын өрийн баталгаа гаргасан байв.

Ийнхүү улс орны эдийн засаг нэн хүнд байдалд орж, өр зээлийн хэмжээ эдийн засаг, санхүүгийн чадавхиас давсан, Евро бондын 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлөх боломжгүйд хүрч, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд очсон байсныг мартах учиргүй.

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор хэлэлцээ хийх ажлын хэсгийн төлөөлөгчдөө Монгол Улсад ирүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн ч бүтээгүй. Улсын маань нэр хүнд тийм л түвшинд очсон байсан.

Харин энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ 4 төсвийг нэгтгэн, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг шуурхай авсан. Засгийн газар ОУВС-тай богино хугацаанд амжилттай хэлэлцээ хийж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа.

Засгийн эрхийг авснаас хойш барих-шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээ байгуулахгүй байх, векселийг бүрэн зогсоох, өндөр хүүтэй дотоод болон гадаад бондоос татгалзах бодлогыг тууштай мөрдөж байна. Үүний үр дүнд хэдийгээр айл өрхийн амьдрал, иргэдийн халаасанд үр шим нь хараахан хүрээгүй байгаа ч эдийн засаг өсч, сэргэлт бий болж байна.

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 4.9 орчим хувьд хүрэх төлөвтэй, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2016 онтой харьцуулахад 24.1 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 660.0 тэрбум төгрөгөөр давж байна. Гадаад худалдааны эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл нь 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, 2016 онтой харьцуулахад 19.7 хувиар сайжирлаа. Гадаад валютын албан нөөц 2016 оны жилийн эцэст 1.3 тэрбум ам.доллар байсан бол 3.0 тэрбум ам.долларт хүрлээ.

Одоогоос 9 сарын өмнө хувь хүний орлогын албан татвар, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч байсан бол авсан татвараа буцаан олгож, тэтгэвэрт гарах насыг хуучнаар нь үлдээх боломжтой боллоо. Энэ бол богино хугацаанд бодит үр дүнд хүрсний, иргэд маань төр засгаа ойлгон дэмжиж, төр нь түмэн олноо гэсэн сэтгэлтэй байгаагийн бүрэн илэрхийлэл юм.

ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаад улсаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, бонд босгон өрийн хэмжээг бууруулах нөхцөл бүрдсэн.

Өмнөх эрх баригчдын үед 7,5-10,8 хувийн хүүтэй бонд гаргадаг байсан бол сүүлийн саруудад зээлийн хүүг буулгаж 5,5 орчим хувийн хүүтэй бонд гаргадаг болсон төдийгүй Хөгжлийн банкны 580 сая, “Чингис” бондын 500 сая, “Дим сам” бондын 15.3 сая, нийт 1.1 тэрбум ам.долларын буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг барагдуулав.

Мөн намрын чуулганаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улс, БНСУ-аас жилийн 0,2-2,0 хувийн хүүтэй, эхний 5-10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 20-30 жилийн хугацаатай 120-850 сая ам.долларын хөгжлийн зээл авах шийдвэрүүдийг гаргасан.

Эдгээр зээлээр Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж, макро эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, алдагдлыг бууруулах, боловсролын чанар, хүртээмжийг дэмжих, бүс нутгийн зам, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газраас авах Зээлийн 500 сая ам.долларыг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримтална.

Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон гадаад улс орнууд хүлээн зөвшөөрч, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдлээ.

Монгол Улсаас олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 800 сая ам.долларын захиалгатай “Гэрэгэ” бондод гадаадын хөрөнгө оруулагчид 5.5 тэрбум орчим ам.долларын санал ирүүлсэн. Энэ нь өмнөх эрх баригчдын гаргаж байсан “Мазаалай”бондыг худалдан авах захиалгаас даруй 7.3 дахин их байв.

Олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагаас зохион байгуулдаг 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслолоос Монгол Улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны III сард гаргасан “Хуралдай” бонд нь “2017 оны Монгол Улсын шилдэг хэлцэл”, “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” шагналуудыг хүртлээ. Ийнхүү гадаад зах зээлд Монгол Улсын нэр хүнд өсч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголыг сонирхох сонирхол нэмэгдэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Төрд түмнээ төлөөлөн сууж буй гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй юм.

Та бид итгэж сонгосон сонгогчдоо төлөөлөн төр барилцаж, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгээ огтхон ч умартах учиргүй. Сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж, ёс зүйгээ огоорох эрх бидэнд байхгүй.

Тансаглал, үрэлгэн зардал аль ч шатанд байх ёсгүй. Түмний амьдрал зүдүү байхад төрийн албан хаагч тансаглах нь шударга ёсонд нийцэхгүй.

Төрийн түшээ, УИХ-ын гишүүний нэр хүнд нь бүхнээс дээгүүр, дархан торгон байдал биш гэдгийг ойлговол зохино. Хуулиар олгосон эрх хэдий байвч, үүрэг хариуцлага илүү чухал гэдгийг сануулж хэлье.

Хууль хэрэгждэг, ёс зүйг эрхэмлэдэг улс оронд ийм үйлдэлд нэр холбогдсон бол аль хэдийнэ огцорсон байгаа даа гэж иргэдийн ярилцаж байгааг сонсоогүй мэт өнгөрөөж болохгүй.

Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн санаачилгаас ихэнхдээ эхлэлтэй байдаг. Ийм улс төрийн соёлыг бий болгоход улс төрийн намууд ч анхаарах хэрэгтэй байна.

Хуулийн чанарт онцгой анхаарах нь эрх бүхий субъектүүдийн онцгой үүрэг болоод байна. Өргөн баригдсан төсөл нь хэлэлцүүлгийн шат давахгүй буцах, эсвэл хянагдаж засагдсаар бараг цоо шинэ төсөл болж хувирах, баталсан хуулийг хэрэгжүүлж эхэлмэгц өө сэв нь илрэх, зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр унах тохиолдол байсаар байна.

Цэцээс 2008-2012 онд 27 дүгнэлт ирүүлсний 14 нь, 2012-2016 онд 40 дүгнэлтийн 26 нь, 2016-2018 онд 13 дүгнэлтийн 7 нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн байна.

Өмнөхтэй харьцуулахад бидний бүрэн эрхийн хугацааных харьцангуй цөөн тоотой байгаа ч үе үеийн парламентын үндсэн ажлын чанарт тавьсан нэг ёсны үнэлгээ гэдгийг анзаарах учиртай.

Эрхэм гишүүд ээ,

Завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомж, бодлогыг тайлбарлан таниулах, хэлэлцэхээр төлөвлөж байгаа асуудлын талаар санаа бодлыг нь сонсох нь та бидний хийх ёстой үүрэгт ажил юм.

Төр, засаг тогтвортой, зөв тууштай бодлоготой байх ёстой. Ийм байхын үндэс нь иргэдээ сонсдог, санал бодлыг нь шийдвэртээ тусгадаг, шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа олон нийтэд зөв, бодитой хүргэдэг байхаас ихээхэн шалтгаална.

УИХ-ын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд зайлшгүй шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барих талаар Засгийн газар чуулганы завсарлагааны хугацаанд тусгайлан анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн эдийн засагт бий болсон нааштай өөрчлөлт, эерэг үр дүнг баталгаажуулах, иргэд, айл өрхийн амьжиргаанд бодит тусгал болохуйц ажил, арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй байгааг сануулъя.

Улс орны хийгээд ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд гэж ард түмэн та биднийг сонгосон. Тиймээс УИХ-ын ээлжит чуулган завсарлаж байгаа хэдий ч цаг үеийн шаардлага, тулгамдсан аливаа асуудлаар хэдийд ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжтойг тэмдэглэе.

Монгол Улсынхаа нийт иргэдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *