Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авчээ

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонслоо. Байнгын хороо, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган, эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар асуулт асууж тодруулсан юм. Үргэлжлүүлэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд Олон улсын валютын сантай хэлэлцээ хийж байгаа энэ өдрүүдэд энэ хуулийг батлах нь зөв эсэхийг тодруулах, төсөлтэй холбоотой саналын талаар Олон улсын валютын сангаас санал авсан эсэхийг хэлэлцэн, хэлэлцүүлгийг хойшлуулах Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын горимын саналаар санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг авсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Олон улсын валютын сангийнхантай уулзаж, хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг авч, тусгах боломжийг судлах шаардлагын үүднээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авч буйг мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *