Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Хадбаатарын МӨнхбаатар: Бие маань спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Монгол Улсын хүчит арслан Хадбаатарын Мөнхбаатарыг бөхийн дэвжээгээ орхиж байгаа тухай яриа гараад байгаа юм. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр тэрээр зодог тайлж буйгаа олон нийтэд албан ёсоор мэдэгдэх нь гэх мэдээлэл түгсэн. Гэвч Мөнхбаатар арслан тэр тухай мэдээлэл хийгээгүй. Тэрээр өнөө жил 35 настай бөгөөд улсын наадамд арван удаа шөвгөрсөн. 2012 оны наадамд Говь-Алтайн Ж.Амартүвшин, Өвөрхангайн Т.Санчир нараар зургаа, долоо давж их шөвөгт үлдсэн ч сэргээш хэрэглэсэн нь тогтоогдон хүчингүй болж байсан удаатай.

Х.Мөнхбаатар 2000 онд 19 насандаа Хөвсгөл аймгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртэж байсан бол 2001 онд ардын хувьсгалын 80 жилийн түүхт ойгоор хорин насандаа Б.Бадрал начингаар тав давж улсын цолны босго алхаж байв. 2005 онд өөрийн багш дархан аварга Б.Бат-Эрдэнээр долоо давж заан цол хүртсэн. 2006 онд зургаа давж Завханы М.Баяржавхланд өвдөг шороодсон бол 2007 оны төрийн наадамд Н.Ганбаатар гарьдаар долоо, Б.Сайнбаяр заанаар найм, И.Доржсамбуу гарьдаар ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолыг хүртэж байсан юм. Их спортод мөн амжилт үзүүлж, дэлхийн цом болон Азийн тоглолтын наадмаас хүрэл медаль хүртсэн удаатай. Энэ тухайгаа тэрээр “Жүдод сонирхолтой болж, ид барилдах хүсэл мөрөөдөлд автаж байсан үедээ бэртэл авсан даа. Бэртэлгэмтэл гайгүй болох үед барилдах гэхээр айгаад байдаг болчихдог юм билээ. Ялангуяа баруун хөл рүү хүмүүс дайрахаар бүр ч эвгүй. Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг дотнын дүү нартайгаа бэлтгэл хийсний хүчинд дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ” хэмээн ярьж байсан юм.

Арсланг зодог тайлж бөхийн дэвжээгээ орхиж буй талаар сошиал ертөнцөөр одоо хэр нь шуугьсан хэвээр байна. Харин тэрээр энэхүү шуугиантай холбогдуулж мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд “Мөнхбаатар миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. Одоогоор улсын баяр наадамд 15 жил барилдахдаа 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргасан.

Мөн жижиг том олон ч бэртэл гэмтэл авчээ, энэ дундаа 2012 оны цагаан сараар үзүүр түрүүнд барилдаж байхдаа баруун мөр мултарсан нь миний амжилтад том саад болж байна. 2015 оны наймдугаар сард хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэд хараахан эдгээгүй байна. Бие маань спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна. Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье” гэсэн байна.

Бэртэл гэмтлийнхээ талаар таван жилийн өмнө “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ийн өгүүлжээ. “Улсын цол авснаасаа хойш хамаа замбараагүй барилдсан болов уу гэж боддог юм. Ухаандаа, төрийн наадамд анх зодоглоод цол авчихсан учир барилдаан сайн мэдэхгүй, айж эмээнэ гэсэн ойлголт байхгүй, бэртэж гэмтэхийг мэддэггүй тийм л байсан. Тухайн үед баруун хөлийнхөө шагайнд бэртэл авсан юм. Шагайгаар тогтохгүй нарийн шилбэ маань цуурсан байсан л даа. Уг бэртэл гэмтэл баруун хөлийн өвдөгний хоёр шөрмөс тасрахад хүргэсэн байх. Ингээд би чинь 2002 оны намраас 2005 он хүртэлх хугацаанд бэртэлтэй байсан. Юуг нь нуухав дээ. Оюутны байранд, орон дээрээсээ босч чадахгүй хэвтэрт байхдаа “бөхийн зам мөр минь ингээд дууслаа, улсын өндөр цолонд хүрнэ гэсэн хүсэл зорилго минь нурлаа гэж үү дээ” хэмээн бодоход хоёр нүдний нулимс гардаг байв. Гэвч хүнд хөл дээрээ босох өдөр ирдэг юм билээ. Солонгос улсад очиж эмчлүүлэн хоёр шөрмөсөө залгуулсан. Өнөөдөртэй харьцуулахад, мөнгө хатуу байсан үе. Тухайн цагт арван долоон мянган доллар төлж байсан. Нутгийн олонтойгоо элбэж байгаад л төлсөн. Бэрх байсан шүү” хэмээн ярьсан юм.

Тэрээр шөрмөсөө залгуулсан тэр жил буюу 2005 онд улсын заан цол хүртсэн байдаг. Тэр жилийн наадамд харцага Ц.Магалжав, Л.Пүрэвжав, Д.Батболд нараар дөрөв, тав, зургаа даваад зааны даваанд өөрийн багш Б.Бат-Эрдэнэ аваргатай хүч үзсэн. Багш нь “За чи цаашдаа сайн барилдана шүү” гэж хэлээд тахимаа өгөхөд нь ихэд баярлаж, бөхийн дэвжээнд олон жил хүч үзэж, өндөр цолонд хүрэх юм шүү гэж зүтгэсэн тухайгаа хэлдэг. Хүсэл зорилго нь биелж төрийн наадмын түрүү бөх болсон билээ.

Өнөө жилийн сар шинийн барилдаанд Х.Мөнхбаатар арслан зодоглоогүй. Үс сахал болсон нөхөр ирж бөхчүүдийнхээ дунд сууж бөхөө үзсэн. Өөрийн нутгийн дүү, нэгэн дэвжээнд олон жил бэлтгэл сургуулилт хамт хийсэн Содномдоржийгоо түрүүлэхийг дэргэдээс нь харсан. Түүний хувьд сар шинийн барилдаанд одтой барилдан хоёр жил дараалан түрүү үзүүрт шалгарч, үзүүр булаасан бахдам амжилт гаргасан юм. 2011 онд Ц.Мягмарсүрэн заан, А.Цацавшир харцага нарыг давж Сүхбаатарын Ш.Мөнгөнбаатартай үлдэж үзүүрлэсэн. Дараа жил нь 2012 онд Б.Батмөнх заан, Ц.Содномдорж харцага нарын шилдэг залуу хүчтэнүүдийг өвдөглүүлэн мөн л түрүү үзүүрт шалгарч аварга С.Мөнхбатад унаж байсан удаатай.

Удам гарал хийгээд бөхийн зам мөр хөөсөн тухайгаа арслан ийн өгүүлсэн нь бий. “Аав маань бөхөд дуртай. Гэхдээ барилдаж ноцолдон бусдын анхааралд тэр бүр өртөөгүй байна. Харин дээр үед барилддаггүй ч гэсэн бяр тэнхээтэй хүмүүс олон байсан гэдэг. Тухайлбал, манай удамд даншгийн заан Шажинтөр гэж хүн байсан талаар дуулсан. Мөн өсч төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Нарийн хэмээх газраас аймгийн арслан Түмэн-Өлзий, цэргийн заан Сэрээтэр тэргүүтэй бөхчүүд төрснийг хэлэх байна. Намайг бөхийн замд хөтөлсөн хүн Б.Бат-Эрдэнэ багш. 1997 онд “Говь” компанийн захирал Ц.Сэдваанчигтай Хөвсгөлөөр явж байх үед нь таарч уулзаж байлаа. Тэгэхэд би арван зургаан настай хүү байсан. Багш утас шөрмөсөө өглөө. “Хотод очиж бэлтгэл хий, их спортын болон үндэсний бөхийн тамирчин бол. Надтай уулзаарай” гэж захисан юм. Уг гэрээс захиасын дагуу хотод ирсэн гэхэд болно. Бат-Эрдэнэ аваргатай анх Спортын төв ордны үүдэнд уулзсан юм. Уулзсан даруйд л багш жүдо бөхийн бэлтгэл хийдэг зааланд дагуулж орон Эрдэнэбилэгт багшид тушааж байсан. Зүгээр ч нэг үлдээгээгүй. Төдөн хоногийн дотор төдөн мэх сурна шүү гэсэн амаргүйхэн үүрэг өгч байлаа. Тэр цагаас хойш багшийгаа дагаж спортын заал танхимаар явж байгаад өөрийнх нь үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын сургууль руу одоогийн Ж.Гансүх начин, Ш.Жаргалсайхан гарьд бид шилжиж байлаа” гэв. Сүүл үеийн спортын шуугиан болоод буй арслангийн тухай өгүүлэхэд ийм байна.

Ө.Манлай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *