Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын дээд сургуульд боловсрол эзэмшсэн алдартнууд олон бий. Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын олон арван хүчтэнүүд өнөө хэр нь төрөлх сургуулиараа зарлуулж барилддаг.
“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн 2014 оны төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. 2010 оны намар цаг. Сум орон нутгийн наадамдаа барилдаад танигдчихсан залуус илүү том зорилго тээж “Аварга” сургуулийн чөлөөт бөхийн ангийн босгыг алхаж байжээ. Оюутны дэлхийн аварга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, боловсролын ухааны доктор Юрагийн Гандолгор багшийн дааж авсан ангийн хөдөөний хүрэн бор залуус дунд өнөөдрийн спортын мундгууд боловсорч өсч өндийж байжээ. Бөхийн сургуулийн оюутнууд өдрийн тэн хагасыг бэлтгэлийн зааланд өнгөрүүлнэ. Урт хугацааны ачаалалтай бэлтгэлийг дааж гарсан нь нэг шат ахиад, шантарсан нь өөр зам хөөдөг бичигдээгүй хуультай. Харин эдний ангийнхнаас шантарч дундаас нь орхисон нь цөөхөн юм билээ.
Шантралгүй бэлтгэлээ базааж байсан ангийнхны эхний сорил нь монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан 6000 бөхийн барилдаан байсан гэнэ лээ. Дөнгөж нэгдүгээр курсийн оюутнууд нас бие хүрсэн эрчүүдтэй барилдаад даваад байна гэдэг боломжгүй. Монгол бөх гэж энэ их өв соёлыг дэлхийн дээд амжилтад бүртгэх ажилд эдний ангийнхан гар бие оролцсондоо сэтгэл өндөр явдаг юм билээ. Барилдааны дундуур үзүүлэх тоглолт толилуулж, уран дэвээ шаваагаар олон улсын жуулчдын нүдийг хужирлаж өв соёлоо сурталчилсан нь нэгдүгээр курсийн хүүхдүүдийн хувьд том амжилт болжээ.
Оюутан цагийн эхний жил ч спортын суурь хүмүүжил авч, бөхийн дөр суух гэж явсаар л өнгөрчихөж. Бүтэн жил бэлтгэл хийснийх таарсан наадамдаа зодоглоход бас чиг дугтруулаад өнхөрчихөөргүй хэмжээнд очсон байна. Үндэсний бөхийн бэлтгэлийг нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын начин Бүдээбазарын Адьяахүү хариуцаж хийлгэдэг байсан болохоор тэр шүү дээ. Залуусын ч бие чангарч булчин шөрмөс зангираад ирж. Дал майк өмсөөд толины өмнө эргэлдэх дуртай болсон талаар хэсэг нөхөд нь хөөрөлдөнө лээ. Зуны амралт ч болж. Адьяа багш шавь нартаа сумын заан цол авч ирэх даалгавар өгсөн аж.
2011 оны намартай золгоход өнөө хүрэн бор залуус бөх болох дөрөө олчихсон байсан талаар Гандолгор багш нь хэлж байв. Аймаг, сумын цолтнуудын барилдаанд ганц нэг давдаг болоод ирж.
Доржигмэдийн Алтангэрэл гэж жижигхэн шар хүү эдний ангийнхны нэрийг анх Бөхийн өргөөнд цуурайтуулжээ. Анхдагчийн нутгийн залуу 2011 оны аравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд гялалзсаар байгаад түрүүлчих нь тэр. 20-тойдоо сурсан ганц мэхээ хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг шиг бүх өрсөлдөгчийнхөө хөлд гүйгээд түрүүлж байж. Гэхдээ 18-хан л настайдаа шүү дээ. Түүний энэ амжилтыг өнөө хэр нь эвдээгүй л байна.
Алтангэрэл чөлөөт болон самбо бөхийн төрлөөр шаггүй барилдчихна. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж байсан юм.
Энэ ангиас төрсөн чөлөөтийн шилдгүүд олон. Гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярын гарын шавь Б.Бат-Эрдэнэ гэж хүү энэ ангид боловсорч эрийн цээнд хүрсэн. Ангийнхаа насаар дүү, биеэр ч давжаа тэрбээр үндэсний бөхийн бэлтгэл нэг их хийхгүй. “Бөөрөнхий дэвжээнд би барилдахгүй. Бөмбөрцгийн дэвжээнд зодоглож том бөх болно” гэж хэлдэг байсан гэнэ. Хэлсэн амандаа ч хүрч залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн аж. Удахгүй болох олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ эрчимтэй базааж буй. Чөлөөт бөх сонирхогчид ч энэ залууг том болно гэж үнэлдэг юм билээ.
Отгонбатын Оюунтуяа гэж ур чадвар нь тив дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн охин энэ ангийнх. 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж эх орныхоо төрийн далбаагаа Тайландын тэнгэрт мандуулаад амжжээ.
Мөн Д.Баярмаа холимог тулааны спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлж нэрээ таниулаад амжсан.
АВАРГА, АРСЛАНГУУДААС АЙДАГГҮЙ
АНГИЙНХАН
Дээхнэ үеийн аварга, арслангууд ам бөхчүүдээ шүргээд л байсан талаар ахмад бөхчүүд хуучилдаг. Одоо цагт бол өөр. Том цолтнуудын аманд гарсан хүүхдүүд шүдээ зуугаад л үздэг болсон. Эдний ангийхан ч аварга арслангуудад халгаатай барилддаг. Өвөрхангайн Тарагтын Жигжидсүрэнгийн Бямбадоньд гэж аймгийн начин цолтой залуу энэ ангид бий. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн бөхийн барилдааны хоёрын даваанд улсын аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулаад гүйж байсан удаатай.
Ховд аймгийн Буянт сумын Батдоржийн Сосорбарам эдний ангийнх. Улсын өндөр цолтой бөхчүүдтэй гойд сайн барилддаг бөх. Өнгөрсөн наадмын түрүү улсын аварга Н.Батсуурийг нэгэн барилдааны үеэр толгойг нь уургалж солгой талдаа тонгороод бөхийн бүх төрлөөр цэвэр дарчихсан. Өргөөнд цугласан олон ч нураад л ирэх шиг болсон.
Чөлөөтийн ангийнхнаас том цолтнуудад халгаатай барилддаг өөр нэг залуу нь Сэлэнгийн аймгийн начин Баатарболд. Аварга, арслангуудын ихэнхтэй нь барилдаж байсан. Хатан Туулын хишиг барилдаанаар улсын арслан Р.Пүрэвдагвыг залчихсан айхавтар бөх. Арсланг хөлд нь суухад нь давуулж гуядаад тархиар нь газар зоочих шахсан байх. Тэр бичлэгээ утсандаа татчихаад ангийнхандаа үзүүлэх дуртай талаар нөхөд нь ярьж байв. Шавь нарынхаа элдэвтэй барилдааныг үзээд гавьяат багш Б.Адьяахүү ч баяртай л явдаг юм билээ.
УЛСЫН АРСЛАНТАЙ БОЛОВ
Энэ ангиас онцгой хүчтэн төрсөн нь улын арслан Энхтөгсийн Оюунболд. 19-хөн насандаа төрөлх нутаг Хэнтий аймгийнхаа наадамд аймгийн арслан Б.Хадбаатартай үлдэж түрүүлэхдээ хоёрдугаар курсийн оюутан байсан гэдэг. Энэ үедээ бөх сонирхогчдын анхаарлын төвд хэдийнэ орчихсон, улсын цолны тааварт нэр нь яригдаж байсан талаар ангийнхан нь ярьж байв. Аймгийн наадмын дараахан Төв цэнгэлдэхэд ирж барилдаад улсын заан Ц.Мягмарсүрэнгээр хоёр давж байсан аж. Аймгийн цолтой ч тэгж удаан барилдсангүй. Дараа жил нь хорьж болдоггүй 20 насандаа улсын харцага болчихсон. Улсын начин Б.Сангисүрэн, улсын арслан До.Ганхуяг, улсын заан Т.Санчир нарын хүчтэнүүд 20-той залууг хазайлгах гээд дийлэлгүй өвдөглөж байсан юм. Улсын цолтонтой болсон ангийнхан ч хязгааргүй баярласан гэнэ лээ. Урам авсан нөхөд ч бэлтгэлээ илүү сайн хийж дор бүрнээ цолоо ахиулцгаасан байна. Сүхбаатарын Б.Номиндалай аймгийн хурц арслан, Архангайн Л.Жамбал аймгийн арслан, Сэлэнгийн Б.Баатарболд аймгийн начин цол хүртсэн ажээ. Цол дагаж бяр нэмдэг жишгээр Оюунболдын ур чадвар өдрөөс өдөрт ахисаар. Улмаар идэр залуу 22-хон насандаа өнөө цагийн шилдэг гэх тодотголтой бүхий л хүчтэнүүдийг орхиж төрийн наадамд түрүүлж улсын арслан болж олноо өргөгдөх нь тэр ээ. Тэрбээр дархан аварга Жигжидийн Мөнхбатын 22 насандаа түрүүлж байсан амжилтыг олон жилийн дараа давтаж түүх бүтээсэн юм.
2010-2014 оны хооронд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийг ийм л спортын шилдгүүд суралцаж төгссөн аж. Энэ ангийн хамт олон дөрвөн жилийн хугацаанд суралцахдаа бүгд спортын цол зэрэгтэй дүүргэж, зорилгодоо ямар нэгэн хэмжээгээр хүрсэн нь бахархал юм.