Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн товчооны гишүүн асан П.Дамдинг Хөдөлмөрийн баатар цолоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Паавангийн Дамдинг шагнав.

Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулж, тус салбарыг улс орныхоо тулгуур багана болтол нь хөгжүүлэн эх орныхоо нийгэм, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх үйлсэд хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан их амжилт бүтээлийг нь үнэлж, Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Паавангийн Дамдинг ийнхүү Монголын төр үнэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Бүгдийн амгаланг айлтгая.

Монголын үнэт зүйлсийн тэргүүнд хөдөлмөрч, бүтээлч иргэд нь байдаг. Тийм учраас эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ эзэн нь болж, өөрийн болоод бусдын амьдрал, улсынхаа хөгжлийн төлөө цуцашгүйгээр, чин сэтгэлээсээ зүтгэж, амжилт гаргасан иргэдээ Монголын төр хүндэтгэж, ард түмний нэрийн өмнөөс шагнаж, урамшуулсаар ирсэн билээ.

Та бүхний дунд шагнал аваад зогсч буй БНМАУ-ын Аж үйлдвэрийн сайд, Хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдаар 1960-1990 онд ажиллаж байсан, 86 настай Паавангийн Дамдин хэмээх ахмад бууралд Миний бие төрийн тэргүүний хувьд тусгайлан үг хэлэх гэсэн юм.

П.Дамдин гуай Үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьж, галыг цахисан анхдагчдын төлөөлөл, энэ салбарыг удирдагчдын нэг бөгөөд ахмад үеийнхний эхлүүлсэн хүнсний үйлдвэрлэл өнөөдөр ч ард иргэддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа. Үйлдвэрлэлгүйгээр үндэсний эдийн засаг, эдийн засгийн тусгаар тогтнол оршин тогтнохгүй. Эдийн засгийн тусгаар тогтнолыг ямар ч сүржин үг, уриа лоозонгүйгээр өдөр тутмын шаргуу хөдөлмөрөөрөө тунхаглаж, тордож, хамгаалж яваа нийт үйлдвэрчлэгчдээ төлөөлүүлэн П.Дамдин танд гүн хүндэтгэл үзүүлж байна.

Өнөөдөр Төрийн хүндэтгэл хүлээж, цол, одон, медаль хүртсэн бүх хүнд, Та бүхний гэр бүл, хамтран зүтгэгчдэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо, идэвх зүтгэл, шаргуу хөдөлмөр чухлаар шаардагдаж байгаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Сайн үйлс дэлгэртүгэй !” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *