Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Намын гишүүн нь аливаа улс төрийн үзэл бодол, үйл ажиллагааны зан байдлаараа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, эсрэг байж болохгүй гэсэн. Энэ чухал заалт. Гэхдээ үүнийг Сонгуулийн төв байгууллага хянана гэж байна. Үүнийг яаж хянах юм бэ” хэмээн асуухад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.ӨнөрбаярЭнэ үзэл санааны шинжтэй заалт юм аа. Түрүүн Ж.Батзандан гишүүний хэлсэнчлэн фашист үзэл санаа ч юм уу. Эсвэл төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдох, арьс өнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах зэрэг үйл ажиллагааг хориглоно. Үүнийг зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо зохицуулахгүй. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндсэн хууль бусад олон хуулиар зохицуулагдана” гэсэн юм.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил өнгөрсөн боловч эдүгээ улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүрэг, эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа нь ардчилсан төрийн байгуулал зохих ёсоор ажиллахгүй, засаглалын хямралт байдал үүсэхэд нөлөөлж байна гэж судлаачид дүгнэдэг. Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд баталснаар улс төрийн намын эрх зүйн үндсийг анх тогтоож, улмаар 2005 онд Улс төрийн намын тухай хууль болгон шинэчлэн найруулсан. Энэхүү шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалтууд тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй байна хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэж байгаа юм.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд улс төрийн намын нийгэм, улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх чиг үүргийг илүү өргөн хүрээнд томъёолсон байна. Хуулийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилт, гишүүдийн татвар, хандивыг ил тод болгох, түүнд тавих хяналтыг сайжруулж шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх зэрэг асуудлыг илүү цэгцтэй болгож нарийвчлан тусгаж өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *