Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийг буцаалаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ төслийг хойшлуулах хэрэгтэй. Одоо үлдэж байгаа хугацаандаа юуг анхаарав вэ гэдгээ ойлголцох хэрэгтэй. Хортой, эргэлзээтэй асуудлаа хойш тавих нь зүйтэй. Цагаан сар болсны дараа сар орчим ажиллаад сонгууль руугаа орцгоох байх. Та бүхэн улсынхаа байдлыг ярилц. Ямар дайсан аваачаад тавьчихсан биш. Бүх зүйлээ хорлоод дууслаа. Ирэх жил олон зээлүүд, өр төлж эхэлнэ. УИХ-ын удирдлагын түвшинд ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Хардаад биш цаасан дээр буусан үг өгүүлбэрийг уншаад дэмжихгүй байгаа юм. Энэ бол шулуухан хэлэхэд МАН-ыг чадах гээд Монгол төрийг бужигнуулах гэсэн төсөл байна шүү. Доороо суурь байхгүй, 3001 хүнээс бага хүн амтай бол нэгж байхгүй, толгой цээж нь данхайсан бүтэц болох нь, ээ улс төрийн нам. Намын их хурал нь 90 хүний бүтэцтэй байх гэнэ. Үүгээр халагддаг ч үгүй, солигддог ч үгүй хүмүүс байх бололтой. Үндсэндээ дээрээ данхайсан улс байхаар харагдана. Энэ бол үндсэн массаас тасарсан хуйвалдаагүй байгууллага болох нь ээ. Нам олон түмнээсээ тасраад явахаар л болдоггүй. 200 гаруй суманд нэгжгүй болно гэхээр юуных нь улс төрийн хүчин байх вэ?

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Намуудын хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Манайд адил хууль үйлчилж байгаа хоёр өөр үед намуудад өөр өөрөөр үйлчилж байна. Нэг хэсэг хүмүүс нам шиг хэрэггүй юм алга гэж ярьж байгаа. Өөрт хэрэгтэй үед нам хэрэгтэй гэж ярьдаг, хэрэггүй үед нам шиг хэрэггүй юм алга гэж хэдэн нүүр гаргаж байгаа хэсэг бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр намын тухай ийм төсөл оруулж ирж байгаа нь буруу. Суурийг нь жижиглэх, самрах бодлого төрийн бодлогыг хүчгүй болгоно. Энэ хууль Үндсэн хууль зөрчиж байгаа” гэж байлаа.

Гишүүд ийн үг хэлсний дараа Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулж, санал хураалтаар гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Чуулганы хуралдаанаар дараагийн асуудлыг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *