УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зургаа дахь үндэслэлийг хуульчилсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн, Сүхбаатарын талбайд үргэлжилж буй “МАНАН дэглэмийн эсрэг хамтдаа” суулт өлсгөлөнд шилжсэн, Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы хугацааг сунгах санал хүргүүлсэн зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрийн салбар үйл явдлаар дүүрэн байв. Ингээд өнгөрсөн долоо хоногт улс төрийн салбарт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль энэ сарын 25-нд хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуульд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зургаа дахь үндэслэлийг тусгасан юм. Хууль хэрэгжиж эхэлсэн даруйд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарын таван гишүүн өргөн барьсан. Уг тогтоолд нийт 40 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд нэн яаралтай дэгээр өдөрт нь хэлэлцэн шийдвэрлэхийг шаардсан ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хойшлуулсан.
Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд, “Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай уулзаж, тогтоолын төслийг түргэн, шуурхай, хуулийн дагуу хэлэлцэх талаар санал солилцлоо. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу аливаа хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хэрэгжүүлж эхлэх ёстой. Энэхүү эмхэтгэлийн дараагийн дугаар энэ сарын 28-ны даваа гарагт хэвлэлтээс гарна. Тиймээс тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлах боломжтой. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын шинэ дарга томилогдож, сар шинийн баяраар ард түмэнтэйгээ золгох юм” гэсэн юм.
Ерөнхийлөгч намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-нд УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа УИХ-ын даргад хүргүүлэв.
УИХ-ын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацсан. Үүний улмаас УИХ 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь шийдвэрлэсэн байна. Мөн шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудал байгаа тул намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгч саналдаа онцолсон байна.
УИХ-ын чуулганы хуралдааныг сунгах, ээлжит бус чуулган зарлах эрх нь зөвхөн УИХ-ын даргад хадгалагддаг. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд, “Намрын ээлжит чуулганы хугацаа ирэх сарын 10-нд дуусна. Ерөнхийлөгчөөс УИХ-ын 2018 оны Намрын чуулганы хугацааг сунгах санал ирснийг МАН болон АН-ын бүлгийн дарга нарт хүргүүлсэн. Бүлгийн дарга нар саналаа ирүүлсний дараа энэ асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой” хэмээсэн юм. Одоогоор бүлгийн дарга нар саналаа ирүүлээгүй байгаа юм.
Улс төрийн суултад оролцож буй иргэд өлсгөлөн зарлав
Сүхбаатарын талбайд энэ сарын 10-наас эхлэн үргэлжилж буй “МАНАН дэглэмийн эсрэг хамтдаа” улс төрийн суултад оролцож буй иргэд баасан гарагийн 18.30 цагаас эхлэн өлсгөлөн зарлав. Иргэд УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн даруйд өлсгөлөнгөө зогсооно хэмээн мэдэгдсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан эдгээр иргэнтэй уулзаж, өлсгөлөнгөө ирэх мягмар гараг хүртэл түр зогсоохыг хүслээ. Гишүүдийн зүгээс УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг ирэх мягмар гарагт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх хүртэл өлсгөлөн зарлахгүй байхыг хүссэн юм. Мөн ирэх долоо хоногт ажлаа хүлээлгэн өгөхгүй бол дээрх нэр бүхий гишүүд хамт өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийлсэн. Гэвч иргэд өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээсэн юм.
Агаарын бохирдлыг бууруулах төсвийн зарцуулалтыг шалгуулахаар прокурорт хандлаа
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 25-нд Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төслүүдэд зарцуулсан хөрөнгөд шалгалт хийж, төсвийн мөнгийг үргүй зарцуулсан, завшсан этгээдүүдийг илрүүлж, хариуцлага тооцох албан бичиг хүргүүллээ.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр олон зуун тэрбум төгрөгийг улсын төсөв болон гадаадын хандив тусламжийн хүрээнд зарцуулсан ч үр дүнд хүрэхгүй байгааг Ерөнхийлөгч албан бичигтээ онцолсон байна. Тухайлбал, 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй бөгөөд нийслэлийн агаарын бохирдол өдөр ирэх тусам нэмэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс дээрх хөрөнгийг үргүй зарцуулсан этгээдүүдийг шалгаж, хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга дурдсан байна.
Энэ талаар Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх ажил, үүргээ хүлээн аваад надтай анх удаа уулзахдаа утааны асуудлыг ярьж байсан. Үүний дагуу 2017 оны 12-р сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгээд, АТГ, ЦЕГ-тай хамтран энэ хэргийг шалгаж байгаа. Бидний авсан мэдээллээр, 2008-2017 оны хооронд улсын төсвөөс 129.4 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 30 тэрбум төгрөг, олон улсын байгууллагаас 100 гаруй сая ам.доллар зарцуулсан байна. Бидагаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан бүх хөрөнгөд нэг бүрчлэн шалгалт хийж байгаа тул хугацаа орж байна” гэсэн юм.
Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Налайх-Чойрын уулзвар чиглэлийн 20.9 км авто замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн сайдад үүрэг болголоо.
Налайхын зам нь Улаанбаатар хотыг зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол гарц зам юм. Энэ замыг 1959 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар, шинэчлэл хийгээгүй аж. Мөн тус чиглэлд зорчих иргэдийн урсгал эрс нэмэгдсэнээс байнга осол гарч эрдэнэт хүний амь эсрдэх болжээ. Тиймээс тус замыг шинэчлэх төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банктай нэн даруй байгуулах, гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай гэрээгээ шинэчлэн байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэн 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.
Дашрамд дурдахад, НЗДТГ-аас 2017 оны есдүгээр сард дээрх төслийг хэрэгжүүлэх газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбарыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг олгожээ.