“Завхан АЗЗА” ТӨХК нь өөрийн хариуцдаг А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны замын цасыг цэвэрлэж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчихоор болголоо.
Учир нь Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны замд цас орж шуурсны улмаас тал газартаа 5-10 см, уулархаг газраараа 10-20 см, хунгар хэсэгтээ 30-40 см цасан бүрхүүл тогтож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан билээ. Өнөөдөр 11.00 цагт давааны зам нээгдээд байна.
Ганцын даваанд өчигдрөөс шуурхай хэсэг гарч цасыг түрж, зорчих хэсгийг чөлөөлж байгаа юм. Гэсэн хэдий ч нойтон цас хайлмагтаж мeханизм хий эргэлт ихтэй, огцом өгсүүр болон уруу хэсэгт жолоодлого алдаж замын хажуу руу гулгаж орох болон хөндөлдөж зогсох гэх мэт аюултай байдал үүсээд байгаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа зорчигч, тээвэрчид засвар арчлалт хийж байгаа хэсэгт мeханизмтай зөрөх болон гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг Завхан АЗЗА ТӨХК-аас мэдээллээ.