Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах төлөвтэй гарчээ DNN.mn

2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 629.6 мянган га-д тариалалт хийсэн байна. Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5 мянган тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

ЭНЭ ЖИЛ УЛААНБУУДАЙ 17 ХУВЬ, ХҮНСНИЙ НОГОО 18 ХУВЬ, МАЛЫН ТЭЖЭЭЛ 42 ХУВИАР ӨСӨХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа юм. Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 70 мянган тонн буюу 17 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар, малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4 хувиар өсөх төлөв гарсан байна.

Энэ жилийн хувьд 4, 5 дугаар саруудад хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс 5-7 хоногоор хожуу эхэлсэн. Ургалтын хугацаанд газар тариалангийн төвийн бүсэд цаг агаар тааламжтай, хур тунадас дунджаас ахиу орсноор таримлын өсөлт хөгжилт сайжран, ургацын болц жигдэрч ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлөхөөр байна. Мөн улаанбуудайн үр, технологийн шинэчлэл хийсний үр дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.8 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэх төлөв гарсан хэмээн Улсын ургацын комиссын хуралдаанаар мэдээлэв.

ЗҮҮН БОЛОН БАРУУН АЙМГУУДАД БАЙГАЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛАН УРГАЦ БАГАССАН ГЭВ

Харин Увс, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймгуудад зуны эхэн үед хур тунадас бага орж гандуу байсан, мөндөрт цохиулах зэргээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургамлын өсөлт хөгжилт саарч, ургацын болц жигд бус, ургацын хэмжээ өмнөх жилүүдээс харьцангуй буурахаар байгааг сануулав. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах үүднээс ургацын зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шуурхай засварлах, ургац хураалтад оюутан, сонсогчид, иргэдийг ажиллуулах боломж, нөхцөлөөр хангах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

7 МЯНГАН ГА ТАЛБАЙГ УСАЛГААТАЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд найман аймгийн 18 сумын орон нутгийн өмчийн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын дөрвөн услалтын системийг шинэчлэн сайжруулснаар нийтдээ 7 мянган га талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулах юм. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг долоон аймгийн 10 суманд нийт 3031 га талбайг услах хүчин чадалтай услалтын системүүдийг барьж байгуулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ онд багтаан эхний ээлжийн 2-3 услалтын системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Инженерийн хийцтэй услалтын системүүдийг байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилдээ дунджаар 8 мянга гаруй тонн хүнсний ногоо, 90 мянга гаруй тонн малын тэжээл үйлдвэрлэж, тэр хэрээр өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байгааг мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *