Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчилна

“Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Туушин зочид буудлын хурлын танхимд боллоо.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” тэмдэг бүхий барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

Тус хэлэлцүүлгийг нээж нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Улаанбаатар хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын урт хугацааны бодлогод улсын тогтвортой хөгжих нэг зорилт нь бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдлыг хөхүүлэн дэмжиж, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих асуудлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд баримтлах бодлого ч мөн адил хотын иргэн бүр ажилтай, орлоготой байж өрх гэрийн болоод хот, улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах нэн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Бид хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэн, айл өрх бүр ажилтай, тогтмол орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэн “Улаанбаатарт үйлдвэрлэв”, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах асуудлыг дэмжсэн “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2016-2020 онд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогод “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэн импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэнийг бид нийслэлд ажил хэрэг болгож, эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган түншилж ажиллах учиртай. Нийслэлийн зүгээс хамгийн түрүүнд хотын оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, орчин үеийн мэдлэг мэдээлэл, дэвшилтэт технологийг ашиглах, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал бөгөөд хотын удирдлагуудын гаргасан болон цаашид гаргах шийдвэрүүд, хийж буй болон хийх ажлууд ч энэ зүгт чиглэгдэнэ.

Бид хотоо хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг дэмжих, нутагшуулж нэвтрүүлэх, инноваци шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтаар эдийн засгаа өсгөж үндэсний үйлдвэрлэлийг бодитоор хөгжүүлэх асуудлыг ажил хэрэг болгох цаг нь болсон. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд Улаанбаатар хотын хөгжилд төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлч санал, санаачлагууд хөтөлбөрт тусгалаа олж ажил хэрэг болно гэдэгт найдаж байна” хэмээлээ.

Улсын хэмжээнд бизнес регистрийн санд бүртгэлтэй 72182 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 2017 оны байдлаар 64 хувь буюу 46153 аж ахуйн нэгж, байгууллага ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвхөн үйлдвэрлэлийн салбарт 8219 аж ахуйн нэгж, байгууллага буюу 17.8 хувь хамаарагдаж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий импортын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлснээр 2009-2016 оны хооронд давхардсан тоогоор 20 гаруй мянган иргэн, хуулийн этгээд нийт 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын хөнгөлөлт эдэлжээ.

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014, 2015 онуудад 5.6 тэрбум төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатайгаар олгосон. Тус зээлийн санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэлийн 34, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 14, гахай, шувуу, загасны аж ахуйн чиглэлийн 7 зэрэг нийт 55 төсөлд олгосон байна. Үүний үр дүнд 331 ажлын байр хадгалагдаж, сүүний гарц жилд нэг сая литрээр нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний тоо 44 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *