Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын жаргалтай нэг өдөр

Жилдээ ганц хоёрхон удаа тохиодог автомашингүй өдөр болж байна. Урд талаасаа Энхтайвны гүүр өнгөрөөд эхний уулзвараар хаажээ. Тус уулзвараар машинууд хоёр тийш салж, буцан явцгаах аж. Хаасан талбайгаас эхлээд хүний хөл тасрахгүй үргэлжилнэ. Дугайтай нь дугуйгаа жийж, скүтэртэй нь скүтрээ унаж, рольктой нь ролькоор гулгасаар хүмүүсийн царайд инээмсэглэл тодорсон сайхан өглөө байлаа.

Үүнээс хойш Сүхбаатарын талбайг зорин алхахад цагдаа нар хамгаалалтад гарч машин явахыг хориглон шалгана. Энэ өдөр төв замаар явах эрх зөвхөн цагдаа, түргэн, онцгой байдлын галын машинд олгогджээ. Хүний хөдөлгөөн их хотын гудамж цаанаа л нэг жаргалтай байгаа нь мэдрэгдсээр. Төв талбайд хөл тавих зайгүй шахуу болжээ. Тойруулаад цагаан майхангууд барьж. Энэ майхнуудад Нийслэлийн биеийн тамир спортын газрын үйл ажиллагааг танилцуулах, Биеийн тамирын сургуулиудын танилцуулга, үзүүлэх тоглолтууд, иргэдэд өөрсдийгөө суртачлах гэсэн албан байгууллага хувь хүмүүсийн бараа материал дүүрэн өрсөн байв.

Энд тэндгүй дугуй түрээсийн газрууд, ширээн теннис, түргэн хоол, ус ундаа зайрмаг зарах жижиг ТҮЦ шиг газрууд зөндөө. Үнийг сонирхвол нэг хүний дугуй нэг цаг нь 6000 төгрөг, 3-4 хүнийх 10 минут нь 10000 төгрөг ажээ. Хүүхдийн дугуй мөн адил. “Улаанбаатар марафон-2018” тэмцээнд 30000-аад хүн бүртгүүлсэн. Үүнээс хамгийн ойрын зай болох 5 км-ийн зайд хамгийн олон тамирчин уралдав. Гараанаас 9:10 цагт гарч, эхнээсээ гүйцгээлээ. Маш олон хүн гүйсэн болохоор гараанаас гарч дуусаагүй байхад эхний тамирчин бариалав. Үүнийг үзэж байсан хүмүүс “Ийм олон хүн гүйдэг юмуу” гэж гайхцгаана. Үнэхээр л олон хүн гүйж байлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал, реппэр Big Gee гэх мэт олны танил хүмүүсээс гадна, Япон, Солонгос, Канад, Испани, Кени гэх мэт гадаадын 30 орны тамирчид, сонирхогчид ирж оролцож байна. Марафоноос гадна энд иог, аэробек, нийтийн бүжиг, бодибилдингийн үзүүлэх тоглолтууд болж хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Бяцхан бодибилдингийн тамирчид гарч ирэн үзүүлбэрээ үзүүлэхэд хүмүүс их л өхөөрдөв. Нийтийн бүжгийн ахмад бүжигчид үзүүлбэрээ дуусгаад цугласан олныг бүжгэнд урин вальс эргэх нь таалагдав. Уран нугараачид нугарч, иогийн багш нар иог зааж нэг өдрийг иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан сайхан арга хэмжээнүүд зохиосон байлаа. Турник дээр хамгийн олон суниасан хүнд фитнессийн эрх өгнө гэхэд эрэгтэй хүн бүр л турник дээр цуглажээ. Хүүхдүүдийн дунд хөгжилтэй тоглоом зохиож хожсныг нь хүүхдийн дугуйгаар шагнав. Марафон гүйлтийн уралдааны нэгэн сонирхолтой төрөл нь гэр бүлийн марафон. Нэг, хоёр, гурван хүүхэдтэй гэр бүлүүд тэргэн дээр түрхийг нь түрж, үүрэхийг нь үүрч, тэвэрхийг нь тэвэрч, мөрөн дээрээ суулгахыг нь суулгаж бүгд л барианд ойртохдоо сэтгэл дүүрэн инээмсэглэлтэй орцгоож байв. Хэт холын зай буюу 42.125 км-т гүйсэн Кени улсын хоёр тамирчинг түрүүлэх байх гэж ярих хүн олон байлаа. Гэхдээ өөрийн улсад зохиож байгаа тэмцээнд Монголын тамирчид илүү байв. Хүмүүс ч Монгол хүн түрүүлсэнд олзуурхаж байгаа нь илт. Энэ удаад Монгол Улсын гавьяат тамирчин Сэр-Од оролцолгүй өнжсөн байна. Зөрсөн бүхэн инээмсэглэл цацруулсан сайхан өглөө бий болгосон хотын удирдгуудад талархмаар. Нэг өдрийг эрүүл өнгөрөөх гэсэн гэр бүлүүд талбай дүүрэн цугларч бүгдийнх нь царайд инээмсэглэл тодорч буй нь ийм өдрийг олон зохиогоосой гэж хүсмээр.

С.ОТГОНБАЯР

Машингүй өдрөөр төв талбай дээр

Улаанбаатар марафон-2018


“Улаанбаатар марафон 2018”-ын эргэн тойронд

One reply on “Улаанбаатарын жаргалтай нэг өдөр”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *