Улаанбаатар төмөр замын зөрлөгийн дарга нь ажлынхантайгаа архидаж, галт тэргэнд дайруулж амиа насаа алдсан хэрэг гарсан, улмаар хөдөлгөөн 9 цаг саатсан талаарх мэдээллийг Зам тээврийн сайд М.Зоригт өчигдөр твиттер хуудастаа жиргэсэн юм. Тэрбээр Улаанбаатар төмөр замынхан энэ талаар нууж байсан талаар тодотгосон байв. Бид энэ талаар илүү тодорхой мэдээлэл авахаар М.Зоригт гишүүнээс тодруулахад “Энэ асуудлаар Улаанбаатар төмөр замын газарт шалгалт оруулсан” гэх мэдээлэл өглөө.
Харин бид Улаанбаатар төмөр замын газрын дарга Л.Пүрэвбаатартай холбогдоход “Тухайн хүн гэр бүлийн таагүй харьцаанаас болсон ч юм уу архи уусан үедээ, шөнө дунд галт тэргэнд дайруулж амиа алдсан юм шиг байна билээ” хэмээсэн юм. Ямартаа М.Зоригт сайдын жиргээ үнэний ортой бололтой. Одоогоор шалгалт явагдаж буй юм байна.