Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Кино Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран БНФУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой аж.
Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэж байна.
Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд надмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрэх юм.
“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.
Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” олон улсын кино форум, “Авдраа уудал” киноны туслах найруулагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны 10-р сарын 20-21-ний өдрүүдэд Тэнгис кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохиогдоно.