Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод 33.3 км авто замыг шинээр барина

Өнөөдөр Монгол орон даяар Авто зам барилгын ажлыг эхлүүлж, Ховд, Завхан, Орхон, Дорнод, Сэлэнгэ аймаг болон нийслэлд автозам барилгын ажлын албан ёсны нээлтийг хийлээ.

Улаанбаатар хотын тухайд Хан-Уул дүүргийн Гандийн гудамжны Home plaza төвийн урд талбайд нээлтээ хийж, энэ онд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдээ нийт иргэдэд танилцуулав.

Энэ онд Улаанбаатар хотод улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 33.3 км авто зам 745 у/м гүүр шинээр барьж , 61.3 км авто зам 84 у/м гүүр өргөтгөн шинэчилнэ.

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд хийгдэх ажлууд

АСЕМ-ын 11 дэх уулзалт ирэх долоодугаар сард Улаанбаатарт болно. Үүнтэй холбогдуулан хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс тохижилт, шинэчлэлтийн хэд хэдэн ажлыг хийнэ. Тухайлбал, Яармагийн гүүрнээс Чингис хаан ОУНБ хүртэлх авто зам болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих бөгөөд зургаадугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх аж.

  • Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
  • Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
  • Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт

2016 онд хэрэгжүүлэх бусад томоохон төсөл арга хэмжээнүүд

2016 онд Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Яармагийн шинэ гүүрийг барих, Найрамдал чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Өвөр Гүнтийн 11 км авто зам, Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлсэн 7.36 км авто зам зэрэг томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Засвар арчлалтын чиглэлээр хийгдэх ажлууд

2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50000 м2 талбайд хийж, 9 байршилд гэрлэн дохио суурилуулж, 6 гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *