БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Улаанбаатар-2017” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг ирэх сарын 3-4-ий хооронд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой, мэдлэгтэй аялах, ямар маршрутаар, хүссэн газраа, яаж аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой “Аялал бүхэн аз жаргалтай” уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Цар хүрээний хувьд Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, аймаг орон нутгын аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын аутбаунд компани, авиа компани, олон улсын билет борлуулалтын төв, их дээд сургууль, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн борлуулагчид, төсөл хөтөлбөрүүд, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлах боломжтой. Тиймээс ирэх сард Сүхбаатарын талбайд болох уг үзэсгэлэнд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид та бүхнийг өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлан, хамтарч ажиллахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.