Categories
мэдээ цаг-үе

Украины баатар Н.СавЧенко

Украины зэвсэгт хүчний дайчин, ахмад Надежда Савченког тойрсон хэл ам бараг хоёр жил үргэлжилсэн юм. Украин, ОХУ-ын харилцааны нэг хэсэг нь Надежда Савченко болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Хоёр тал нэлээд удаан хэлэлцээ хийсний эцэст энэ долоо хоногийн эхээр түүнийг суллаж нутаг руу нь явууллаа. Ахмад Н.Савченко Украины үндэсний баатар болоод байна. Түүнийг Киев хотын “Борисполь” нисэх онгоцны буудалд Украины Ерөнхийлөгч П.Порошенко өөрөө угтаж авч байгааг телевизээр шууд дамжуулсан. Харин уржигдар Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Савченкод Украины баатар цол олгожээ.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан энэ хэрэг чухам юунаас эхэлснийг эргэн дурсъя. Украины нисэх хүчний гуравдугаар хорооны ахмад, “Ми-24” байлдааны онгоцны нисгэгч Надежда Савченко 2014 онд зуныхаа амралтаар зэвсэгт мөргөлдөөн болж байсан зүүн нутагт сайн дураараа очжээ. Краматорск нисэх онгоцны буудал дээр Украины дайчдад тус дэм болж байгаад байлдааны үйл ажиллагаанд оролцсон байна. 2014 оны зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Луганск хотын Металлист хэмээх тосгонд болсон тулалдааны үеэр шархадсан цэргүүдэд тусалсан аж. Энэ үеэр Оросын талыг дэмжигчдэд олзлогдсон байна. Украины талын мэдэгдсэнээр 2014 оны долдугаар сарын наймны өдөр ахмад Н.Савченко Оросын Воронеж хотод хоригдож байна гэсэн мэдээлэл тарсан. Тэр өдөр нь Украины Ерөнхийлөгч П.Порошенко хэргийн учрыг олж олзлогдсон ахмадыг нутагт нь эргүүлэн авчрах талаар арга хэмжээ авахыг ГХЯ болон Ерөнхий прокурорын газарт үүрэг болгосон юм. Украины талын үзэж байгаагаар Н.Савченког Оросын талыг дэмжигчид олзлоод хууль бусаар Орос руу авч гарчээ. Энэ бол уг хэргийн талаарх Украины талын хувилбар.

ОХУ-ын талын мэдэгдэж байгаагаар Украины “Айдар” хорооны эсрэг цэргийн ажиллагаа явуулах үеэр Н.Савченког баривчилсан гэдэг. Агаарын довтолгооны үеэр зугтаж амжсан хэмээн бичжээ. Ингээд ямар ч бичиг баримтгүй дүрвэгчийн дүрээр Украин-Оросын хилээр гарах гэж байхад нь саатуулсан хэмээн Оросын мөрдлөгийн хорооны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм. Н.Савченког Оросын сэтгүүлч И.Корнелюк, А.Волошин нарын амийг бүрэлгэсэн хэргээр буруутгаж 22 жил хорих ял оноосон.

2014 оны зургадугаар сараас хойш Орост хоригдож буй Украины иргэн Н.Савченкогийн асуудал хөндөгдсөн. Түүнийг Украины зүүн нутагт “Айдар” хорооны бүрэлдэхүүнд байлдааны ажиллагаанд оролцохдоо Оросын сэтгүүлчдийн багийн байршлын талаар мэдээлж байсан гэдэг. Ингээд байршил руу нь гал нээж амийг нь хороосон аж. 2015 оны нэгдүгээр сард ОХУ-ын хилийг хууль бусаар давсан хэмээн хэрэг үүсгэсэн юм.

Украин, Оросын харилцаа нэлээд ээдрээтэй байсан тэр үед энэ хэрэг байдлыг улам хүндрүүлсэн. Н.Савченког шоронд хоригдож байх хугацаанд Украины “Батькивщина” нам түүнийг гишүүнээр элсүүлж, парламентын сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн. Ингээд парламентын гишүүнээр сонгогдсон юм. Украинд хууль батлах байгууллагын гишүүн болоход тангараг өргөж гарын үсэг зурна гэсэн хуультай. Н.Савченкогийн гарын үсэг зурсан бичиг баримтыг тухайн үед Украины телевизээр үзүүлсэн билээ. Ингээд удалгүй Верховная Рада түүнийг Украин дахь Европын Зөвлөлийн парламентын ассамблейн (PАСЕ) байнгын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд оруулсан юм.

Энэ хооронд түүнийг суллах шаардлагыг Киевээс Москвад тавьсаар байсан. Гэвч хоёр улсын харилцаа ээдрээтэй байсан нь энэ хэрэгт нэлээд нөлөөлсөн. Н.Савченког Воронежийн урьдчилан хорих төвд хорих хугацаанд шүүх хурлыг хаалттайгаар хийсэн. Буруутан гэгдэж байсан түүнийг биечлэн оролцуулаагүй. Шүүх хурал, хоригдож байсан өрөө хоёрыг видеогоор холбожээ. Украины дипломат байгууллагын төлөөлөгчид, сэтгүүлчдийг ч шүүх хуралд оролцуулаагүй юм. Оросын хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид Н.Савченког чухам ямар нөхцөлд хорьж байгаатай танилцахаар очсон. Ингээд халуун, хүйтэн устай, шаардлагатай бүх зүйлсээр нь хангагдсан хэмээн мэдэгдсэн байдаг.

2014 оны арванхоёрдугаар сард Н.Савченко шоронд өлсгөлөн зарлажээ. Чих нь үрэвсэж өвдөхөд эмнэлгийн тусламж үзүүлээгүй явдлыг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн. Өлсгөлөнгөө зогсоохгүй гээд өөрийг нь суллах шаардлага тавьсан. Амь үрэгдсэн ч хамаагүй өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байдаг.

Украины эрх баригчид уг асуудлаар ОХУ-тай хэл амаа ололцоогүй тул олон улсын хүний эрхийг хамгаалах зэрэг байгууллагуудад хандсан. Европын парламентын гишүүн хүртэл шударга бус явдал хэмээн эсэргүүцэн өлсгөлөн зарлаж түүнийг нь Испани, Польш, Чехийн гишүүд дэмжжээ. 2015 оны гуравдугаар сард бие нь нэлээд муудсан тул аргагүйн эрхэнд хуурай өлсгөлөнгөө зогсоосон юм.

Энэ хооронд Н.Савченког суллахыг дэмжсэн хөдөлгөөн улам бүр идэвхжсэн. Европын Холбооны төр засгийн тэргүүнүүд, АНУ-ын эрх баригчид гээд бараг бүгд уг асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчид хандсан юм. Түүгээр ч зогсохгүй Оросын иргэд украин бүсгүйг суллах хүсэлтийг тавьж 115000 хүний гарын үсгийг цуглуулж В.Путинд хүргүүлжээ. Тэдний дотор Оросын алдартнууд нэлээд байсан гэдгийг ч дурдах нь зүйтэй.

Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага, АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч, НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан газар гээд Оросын төрийн тэргүүнд хандаагүй хүн үгүй.

Өнгөрсөн оны долдугаар сард Н.Савченкогийн өмгөөлөгч Марк Фейгин Украин, ОХУ-ын тагнуулын газрууд түүнийг Донбасст баривчлагдсан Оросын хоёр иргэнтэй солилцох талаар хэлэлцээ хийж байгаа тухай мэдэгдсэн юм. В.Путин П.Порошенко нар өнгөрсөн дөрөвдүгээр сард утсаар ярихдаа энэ асуудлыг хэлэлцжээ.

Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Савченкод өршөөл үзүүлжээ. Оросын амь үрэгдсэн хоёр сэтгүүлчийн ар гэрийн хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр В.Путин ийм шийдвэр гаргасан хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Үүний хариуд Украины Ерөнхийлөгчийн тогтоолоор ОХУ-ын иргэн А.Александров, Е.Ерофеев нарыг ч сулласан.

Ростов-на-Дону хотоос Украины Ерөнхийлөгчийн онгоцоор Н.Савченког Киев хотод авчирчээ.

Н.Савченко 1981 онд төрсөн. Хүүхэд байхаасаа байлдааны онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан хэмээн ээж нь ярьсан байдаг. Украин сургуульд сурсан. Киевийн үндэсний их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байхдаа гэрээгээр цэргийн алба хаажээ. 2004-2005 онд Украины энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд орж Иракт зургаан сар болоод ирсэн даруйдаа нисгэгчээр суралцахаар шийдсэн. Ингээд Украины Батлан хамгаалахын сайдын зөвшөөрөлтэйгөөр Харьковын Агаарын хүчний их сургуульд элсэн оржээ. Оюутан байхад нь хоёр удаа нислэгт тохирохгүй хэмээн хасагдаж байсан боловч эрхээ сэргээлгүүлсэн байна.

Н.Савченко өөрийг нь Оросын сэтгүүлчийн амийг хороосон хэргийг анхнаасаа улс төрийн сэдэлтэй гэдгийг хэлсэн. Тэрээр Киевт ирсэн даруйдаа “Одоо болтол амьд байгаадаа та бүхнээс хүлцэл өчиж байна. Хүүхдүүд нь олзлогдсон бүх эхчүүдээс уучлал гуйя. Би амь үрэгдэгсдийг эргүүлэн авчирч чадахгүй ч гэсэн Украины төлөө амиа өгөхөд бэлэн байна” гэжээ. Надежда Савченко Украины Жанна д’Арк гэгдэх боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *