Categories
гадаад мэдээ

Украинд галт зэвсгийн агуулах дэлбэрчээ

Украинд галт зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас 30 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Мягмар гарагийн орой Украины төв хэсэгт орших Калинивка сууринд байрладаг уг зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсны дараа их хэмжээний гал гарсан байна. Галт бөмбөлгүүд тал тал тийш шидэгдэн нисч, барилга хар утаагаар бүрхэгдсэн байгаа бичлэгийг интернет сайтад тавьжээ. Уг дэлбэрэлтийн улмаас гарсан гал лхагва гараг хүртэл асч байсан бөгөөд 700 гаруй цэргийн албан хаагчид галыг унтраахаар ажиллаж байна гэж тус улсын Онцгой байдлын албаны ажилтан мэдээлсэн байна.

“Уг хэргийн ард ОХУ байгаа, Украины дайснууд болсон тэд бидний хүчийг улам сулруулахын тулд чадах бүхнээ хийж байна” гэж Украины Ерөнхий сайд Владимир Гройсман засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ.

Үүний өмнө 3 дугаар сард тус улсын зүүн хэсэгт байрладаг зэвсгийн агуулахад мөн дэлбэрэлт болсон бөгөөд Украины зэвсэгт хүчинтэй байлдаж буй ОХУ болон Донбассын салан тусгаарлах үзэлтнүүд энэ үйл ажиллагаанд оролцсон гэж Украины аюулгүйн албанаас мэдээлсэн байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *