Categories
гадаад мэдээ

Украин ба В.Путины пацифистууд

ОХУ-ын Беларусь дахь цэргийн сургуулилт энэ сарын 20-нд дуусах ёстой байсан ч Москва тодорхойгүй хугацаагаар цэргүүдээ тус улсын нутагт үлдээхээр шийдвэрлэв. Орос, Беларусийн хилийн ойролцоох цэргийн ажиллагаа, мөн Украины зүүн хэсгийн Донбасс дахь нөхцөл байдлын улмаас ийм шийдвэр гарсан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Энэ нь Сергей Кужугетович Шойгу хээрийн сургууль төгсөнгүүт ОХУ-ын цэргүүд Беларусийг орхин гарна гэж худал мэдэгдсэн болж таарав. Мэдээж Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд В.Путин өөрөө ингэж амлаагүй болохоор зөв алхам болсон гэж шуугих байх. Гэхдээ Беларусь улсын ерөнхийлөгч А.Лукашенко Кремлийн ганц шийдвэрээр, алга урвуулах төдийд л ОХУ-ын Беларусь мужийн захирагч болон хувирч байгаа нь яах аргагүй үнэн. Энэ нь нэг улстөрч суудалдаа удахаар улс, эх орон, ард иргэдийг ямар хувь заяа хүлээж байдгийн бодит жишээ, бас маш том сургамж.

Өөрсдийгөө ДНР, ЛНР гэж нэрлэдэг Оросын талын салан тусгаарлагчид Украины зэвсэгт хүчин хүүхдийн цэцэрлэгийн барилгыг буудсан, азаар хүүхдүүд байгаагүй гэсэн мэдээлэл тараасан нь эсрэгээрээ өөрсдөө буудсан болох нь тогтоогдсон. Дараа өдөр нь 20 минутын зайтайгаар Украины хорлон сүйтгэгчид хий түгээх станц дэлбэллээ, Украины цэргүүд эрчимтэй буудаж эхэлсэн гэж мэдээлэн иргэдээ Орос руу нүүлгэж эхэлсэн. Засахад амархан, зардал багатай газрыг олж дэлбэлээд байдаг, ганц ч хүн алдаггүй ямар ч энэрэнгүй хорлон сүйтгэгчид бас цэрэг байдаг болчихсон юм. Бүү мэд. Үүнийгээ анзаарсан юм байлгүй маргааш нь хоёр иргэн амь үрэгдсэн гэж мэдээлэв. Харин салан тусгаарлагчдын их бууны суманд Украины хоёр цэрэг амь үрэгдсэн нь бол үнэн.

Оросын талыг баримтлагч Донецк, Луганск мужийн салан тусгаарлагчид өчигдрийн байдлаар 53 мянган хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Донецк болон Луганск муж 3.6 сая хүн амтай. Оросын үнэнийг мэдээлдэг сайтуудын сэтгүүлчид эдгээр дүрвэгсдээс газар дээрээс нь сурвалжилга авахад “Алсад буун дуу сонсогдож байсан. Дайн болох гэж байна,нүүцгээ гэсэн болохоор энд ирсэн. Дайн намжиж хурдан гэртээ буцаж очмоор байна” гэж байгаа нь В.Путин өөрийн эрх ашгийн төлөө жирийн иргэдийн хувь заяагаар яаж тоглон “золигт гаргаж” байгааг болон төрөөс санхүүждэг мэдээллийн хэрэгслүүд төрд байгаа хүмүүст үйлчлээд эхлэхээр эцэстээ юу болж дуусдгийн тод жишээ болж байна. Харин Украины асуудлын цаад нарийн учир нь ийм юм.

Монголын мэдэлд оросууд орохдоо Киевийнх нь бусад оросуудаа удирдаж байсан юм. Яг үнэндээ тэр үед Киевийн орос л гэж байсан болохоос украинчууд, оросууд гэж тусдаа үндэстэн байгаагүй хэрэг. Харин Москвагийн ханлигүүд Монголд илүү ойр байсны хувьд тэр үедээ тэргүүлж байсан монгол төрийн тогтолцоог хуулбарлан хурдан хугацаанд нэгдэн хүчирхэгжив. Ингээд Хар Хоринд монгол ноёдод жил болгон өргөдөг “дань” буюу өргөлийнхөө хэмжээг нэмсээр байгаад Москвагийн оросууд Киевийн оросууд буюу одоогийн украинчуудыг удирдах эрх олоод авчихсан хэрэг. Тухайн үед Хар Хорин Монголын нөлөөнд байсан улсуудын хан хөвгүүдийг барьцаа болгон байлгаж, төрийн хэрэг зааж, хожим нь тухайн улсын удирдагч болгодог байсан. Монголын энэ аргыг саяхан болтол Кавказын нурууны ноёдод цагаан орос хэрэглэдэг байв. Иймээс л “Оросыг бага зэрэг маажихаар цаанаас нь монгол гараад ирдэг” гэсэн үгийг украинчууд гаргасан хэрэг. “Хам хэрэгтэн” болчих учраас энэ тухай оросууд төдийгүй монголчууд ч бичих дургүй байдгийн цаад учир нь энэ. Харин ЗХУ-ын эхний болон сүүлчийн ерөнхийлөгчийн санаачилсан өөрчлөн байгуулалтын дүнд бий болох ОХУ-ыг XXI зууны хэмжээгүй эрхт “хаант” улс болчих юм гэж зүүдлээ ч үгүй учраас хоёр Германыг нэгдсэний дараа барууныхан NATO-г зүүн зүг сөөм ч өргөжүүлэхгүй гэж аман өчиг өгч байсан нь үнэн. Гэхдээ өнөөдөр олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа ОХУ-ын бус В.Путин болон түүний тойрон хүрээлэгч авлигачдын аюулгүй байдлын асуудал нь “Ардчилал, эсвэл дарангуйлал ялах уу” гэсэн дэлхий нийтийн асуудал болчихсон. Иймээс В.Путины гол гурван саналын аль ч саналыг барууныхан хүлээн авах боломжгүй болоод байгаа юм. Тэгвэл асуудлыг ийм байдалд ортол барууныхан өнөөдрийг хүртэл яагаад дуугүй байсан хэрэг вэ гэсэн асуулт яах аргагүй гарч ирнэ. Хариулт нь Оросын өнөөгийн удирдлага иргэдээ ядууруулсан мөнгөөр барууны улстөрчдөд монголчуудыг авлигадсантай адил “дань” өгсөн явдал. Ялангуяа Англи, Францын улстөрчдөд. Германы канцлерт өгдөг “буруу гарын” орос мөнгийг бүрэн зогсоох арга хэмжээ шууд авч, Ангела Меркель өөрөө биеэрээ үлгэр жишээ үзүүлэн иргэдийнхээ нүдэн дээр ил тод, яг багахан конторын албан хаагч шиг даруухан амьдарсан. Түүний суудалдаа удаан байсны нэг шалтгаан бас нэг том гавьяа нь энэ.

Ангела Меркелийн энэхүү “зөөлөн” бодлого харин цагаачдын асуудал дээр буруудан өөрөө албан тушаалаа өгсөн төдийгүй өөр намд канцлерын суудлаа алдсан нь ч бас үнэн. Харин анхдагч хүйтэн дайны үеэр Оросын эсрэг “вакцин”-ыг бүр хэтрүүлэн хэрэглэчихсэн АНУ-ын улстөрчид орос авлигад барууны улсуудтай харьцуулахад өртөөгүй гэж болно. Энэхүү барууны улстөрчдөд “орос дань” өгсөн асуудал удахгүй ил болж дэлхий нийтэд бөөн шуугиан тарих нь бас гарцаагүй үнэн. Үүний баталгаа нь Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Патель. “Алтан виз”-ний хөтөлбөрийг зогсоолоо гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн явдал. Энэхүү арга хэмжээ нь “залилан, хууль бус санхүүжилтийн эсрэг тэмцлийг сэргээх эхлэл юм” гэж Прити Патель мэдэгдсэн. Их Британий эдийн засагт чинээлэг цагаачдын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2008 оноос “Tier 1” буюу “Алтан виз” хэрэгжиж эхэлсэн. “Tier 1” визийг авахын тулд тус улсын эдийн засагт дор хаяж хоёр сая фунт стерлингийн хөрөнгө оруулах шаардлагатай байв.Хамгийн чухал нь энэ эмэгтэй сайд бас Англи улс ОХУ-ын харгис гадаад бодлогын эсрэг “Тагнуулын ажиллагаатай тэмцэх хууль” гаргах гэж буйгаа мэдэгдсэн. Энэ бүхэн В.Путинээс авлига авсан Английн улстөрчид хуулийн хариуцлага хүлээх болсон гэсэн үг.

В.Путин Украиныг 150 мянган цэргээр бүсэлсэн нь дайн хийх гэсэн юм биш, зүгээр л барууныхантай асуудлыг шийдэх хэлэлцээ хийхээс өмнө үзүүлж буй шахалт. Тэрээр цэргийнхээ хүчийг ашиглан ард иргэддээ өөрийгөө олон улсад ямар том байгааг харуулах гол зорилго тавьсан. Барууны томчууд ээлж дараалан уулзаж, бүр Москвад дараалал үүсгэн нисэн ирцгээж түүний ямар том байгааг батлан харуулж зорилгыг нь бүрэн дүүрэн биелүүлж өгсөн. Мөн түүний нэг том “гавьяа” нь Беларусийг ОХУ-д албан ёсоор нэгтгэж чадсан явдал. Одоо түүний ээлжит зорилт нь өөрийнх нь “ач тусаар” найман жил гаран дайтаж байгаа, гал зогсоох хэлэлцээр үе үе зөрчигддөг Киевийн арми болон Оросыг дэмжигч салан тусгаарлагчид хоёрыг хооронд нь байлдуулах явдал. Үүнийгээ ч хэрэгжүүлж эхлээд байна. В.Путин жирийн иргэдийн амь насыг золих байлдаанаар байдлыг тултал нь хурцатгасны дараа барууны улсуудтай хийх дараагийн уулзалтаа хэлэлцээ болгож Украинд “энх тайван” тогтоож, энэ улсыг хэсэг хугацаанд NATO-д элсүүлэхгүй хамгийн гол нь энд цөмийн пуужин байрлуулахгүй болгосон “баатар” болох зорилт тавьж байна. Үүндээ ч хүрэх байх. Ийнхүү Украины асуудал төгсөх шатандаа оров. Гэхдээ үнэн хэрэгтээ Беларусь улсыг бус тус улсын хууль бус удирдагч болох ганц А.Лукашенког В.Путин өөртөө “нэгтгэсэн”. Мөн түүний энэ бүх хүчин чармайлт, ололт, ялалтыг ямар ч утгагүй болгосон үйлдэл бол яах аргагүй Казахстанд өрнөсөн үйл явдал. Казахстаны энэхүү явдлаас үүдэн Москва, Петербург хотынхон илт хөдөлгөөнд орж В.Путины эсрэг ил тод нэгдэн бүр зарим нь түүнийг огцрохыг шаардаж эхэлсэн. В.Путиныг мэдээж Оросын иргэдийн ихэнх болох жижиг хот, тосгоныхон дэмжиж байгаа. Гэхдээ түүний бахархан шүтдэг ЗХУ-ыг энэ хоёр хотын иргэд төр, засгийнхаа эсрэг босч хувьсгал хийж байж бий болгосон гэдгийг мартаж болохгүй. Харин өнөөдөр нийслэл, хойд нийслэл гэж нэрлэгддэг энэ хоёр хотынхон Украин бас барууныхныг бус В.Путиныг үзэн ядаж байгаа нь тодорхой болчихоод байна. Өнөөдөр Оросын төр засагт бий болоод буй “Дайнд турхирагчдын нам”-ын эсрэг тэмцэж буй “Оросын сэхээтний конгресс”, “Оросын офицеруудын цуглаан” гэх мэт иргэний байгууллагыг хараандаа аваад байгаа В.Путины хууль, хүчнийхэн харин пацифистуудыг бол яаж ч чадахгүй. Иймээс эдгээр хотын залуучууд өөрсдийгөө пацифистууд гэж ил тод зарлаад эхэллээ. Пацифист гэж аливаа зүйлийг хүч хэрэглэн шийдэхийг эрс эсэргүүцэж үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг хүнийг хэлдэг. Иймээс Москва, Петербург хотын иргэдийг өөрийнх нь бодлогын эсрэг зогсох В.Путины пацифистууд гэж нэрлэсэн ч болохгүй зүйл үгүй болов.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *