Categories
гадаад мэдээ

Украин, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ

Украины зүүн нутагт болж байгаа байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох хэрэгтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар үзэж байна.

Хоёр улсын удирдагчид өчигдөр утсаар ярьжээ. Д.Трамп ерөнхийлөгч болсноос хойш тэд анх удаагаа утсаар ярьсан нь энэ юм.

Засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид өнгөрсөн сарын сүүлчээр дахин байлдаж, их буугаар галлаж эхэлсэнд ихэд түгшиж байгаагаа удирдагчид илэрхийлсэн гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэв.

Украины хилийн дагуух нутагт энх тайван байдлыг сэргээн тогтоохын тулд Украин, Орос болон холбогдох бүх талтай АНУ хамтран ажиллана гэж Д.Трамп хэлжээ.

Баасан болон бямба гарагт болсон мөргөлдөөний үеэр Украины засгийн газрын гурван цэрэг амиа алдсан байна. Нөхцөл байдлыг дэвэргэн хүндрүүлж байна гэж талууд бие биеэ буруутгаж байна.

Украины нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм. Харин Д.Трамп ОХУ-тай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *