“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч өхөөрдөм бяцхан Энжи буюу Б.Эрдэнэцэцэгийг танихгүй хүүхэд багачууд тун ховор биз ээ. Түүний “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохдоо ярьсан үлгэрийн “Долоо хоногийн хоол” гэдэг хэсгээр хоорондоо хошигнон ярих хүмүүс ч бий. Бид энэ удаагийн хүүхдийн булан”-даа Б.Эрдэнэцэцэгийг урьж ярилцсан юм.
-Ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?
-Би том болоод жүжигчин болно гэж боддог. Яагаад гэхээр маш их сонирхолтой, бүх зүйлийг хийж чаддаг. Бас хүлээцтэй байхыг заадаг болохоор жүжигчин болохыг хүсдэг.
-Жүжигчин байхын юу нь гоё юм бэ? Чи гоё дуулдаг юм чинь дуучин болохгүй юм уу?
-Хүмүүс намайг танина гэхээр гоё байдаг. Дуулахаасаа илүү жүжиглэх нь надад таалагддаг.
-“Авьяаслаг монголчууд” шоунд орсон бичлэгээ үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Хамгийн анх гэрийнхэнтэйгээ нэвтрүүлгээ үзэх гээд сууж байхад “яасан бол оо, яаж үзнэ ээ” гээд ичиж байсан. Гэхдээ нэвтрүүлгээ үзээд “яагаад ингэж агаа аниагаараа заалгачихсан юм шиг хөөрхөн ярьсан юм бол оо” гэж өөрийгөө бодсон.
-Ямар хичээлдээ илүү дуртай вэ?
-Дуу хөгжим, монгол хэл ер нь л бол урлагийн зүйлд маш их дуртай. Мөн сургуулийнхаа дууны дугуйланд явдаг.
-Ангидаа сайн найзтай юу. Анх сургуульд ороход чинь ангийнхан чинь яаж хүлээж авав. Чамайг таньж байсан уу?
– Миний хамгийн сайн найзуудыг Гэгээлэн, Энхрийлэн, Маргад гэдэг. Анх ангидаа ороход манай ангийнхан хөөх Энжи байна гэж байсан. Тэгээд би “намайг зөндөө олон хүүхэд таньдаг юм байна” гэж тэр үедээ бодоод баярлаж байсан.
-Кинонд тоглосон мөнгөө юунд зарцуулдаг вэ?
– Анх бол тоглоом, өөртөө хэрэгтэй зүйлдээ зарцуулчихдаг байсан. Одоо цуглуулсан мөнгөөрөө ээждээ шигтгээтэй бөгж авч өгнө гээд бодчихсон байгаа. Тийм болохоор ерөөсөө мөнгө үрмээргүй санагдаад байдаг болчихсон. Манай ээж шигтгээтэй бөгжинд үнэхээр дуртай.
– Дуулдаг Бат-Энэрэл, Булдруу хоёрыг таних уу?
-Булдрууг бол танихгүй харин Бат-Энэрэлтэй нэг тоглолт дээр нь таарсан. Гэхдээ надаас ах мөртлөө намхан юм байна лээ. Дуунуудыг нь бол сонсдог, үнэхээр гоё дуулдаг мундаг хүүхэд гэж боддог.
Д. БАТТОГТОХ