Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ээс Д.Гантулга гишүүнтэй холбоотой гэгдэх асуудлаар УИХ-ын Тамгын газарт албан бичиг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэгт өмгөөллийн “Веритас партнерс” хуулийн фирм хохирогчийн эрхийг хамгаалан ажиллаж буй билээ. Тэдний зүгээс хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг хангах үүднээс Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгуулах хүсэлтээ хангуулахын тулд УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Уг хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат шалгаад, Улсын их хурлын Тамгын газар руу хуулийн алдаа засах тухай агуулга бүхий албан тоот хүргүүлсэн байна.

Тодруулбал, УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хуулийн заалтыг өмнө нь Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн боловч УИХ-аас холбогдох заалтыг хүчингүй болгохгүй байсаар 2013 онд өөрчлөн найруулахдаа үг сольсон хэдий ч утгыг нь хэвээр үлдээж баталсан аж. Өмнө нь “УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдэх явцад эд мөрийн баримттайгаар баривчлагдсан тохиолдолд” гэх заалт байсныг нь Цэцээс хүчингүй болгохыг даалгахад “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримтын хамт баривчлагдсан тохиолдолд” хэмээн үг сольсноос биш агуулга солиогүй байна.

“Гэмт хэрэг үйлдэх явцад” гэдгийг “гэмт хэрэг үйлдэж байхдаа”, “Эд мөрийн баримттай” гэснийг “Нотлох баримттай” гэж өөрчилчихөөд, Үндсэн хууль зөрчсөн заалтаа засчихлаа гэж хуурсан УИХ-аас болж УИХ-ын гишүүнд хэт давуу байдал олгож, эрх мэдлийн хамгаалалтад оруулж буй юм. Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хууль эрх зүйн боломж байхгүй болоод буйг засах алхам Үндсэн хуулийн дагуу хийгдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *