Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ухаантан нь олдсон Монгол

Ухаантан олон байх тусам улс орон хөгждөг бол манай улс хангалттай Азийн бар болчих байлаа. Сонин, хэвлэл эргүүлээд харахад түүнээс өөр ухаантай хүн байхгүй мэт ярьсан зүйлстэй өдөр бүр таарч байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Орой ажил тараад гэртээ хариад телевиз асаана. Үгүй мөн олон ухаантнууд ээлж дараагаараа авч өгнө дөө. Уурлаж байгаа хүнийг мөн хараад байгаарай. Өөрөөс нь илүү ухаантан байхгүй болохоор өөрийг нь тоохгүй байгаа тухай цурхиран ярина. Манайхан интернэт орчинд тэр тусмаа фэйсбүүкийг хамгийн их ашиглах болсон. Хааяа ажлынхаа зав зайгаар орж үзээ л биз дээ, та. За тэгээд улс орны хөгжлөөс эхлээд болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар толгойдоо орсноо “ухаантны үг” хэмээн сэтгэн бурж эхэлнэ. Хамгийн сүүлчийн зөв цэг миний толгойд л байгаа хэмээн андуу бодлоо ташааруулна даа. Жинхэнэ суу билигтнүүдийн цугларалт болсон твиттертэй юу ч ярих вэ. Хаягаа нээгээд орох агшинд л хэдэн зуун хүний ухааны цараа, мэргэн үгийн охийг уншина. Манай улс чинь үнэхээр агуу ухаантнуудын өлгий нутаг юмаа гэж бодохоос өөр аргагүй тийм сэтгэгдэл төрөхөөр цэцэрхэнэ. Хэр баргийн ухаантнаас гарахгүй суут үгсийг манайхны наад захын хүүхэд хэлдэг болсон цаг ирээд байна.

“Ухаантан нь олдсон Монголд ухаангүй явах л хамгийн зөв юм” хэмээн шогшрон суугаа хүнтэй таарч байлаа. Манай ухаантнуудын үг амнаас гарах хий, хуруу дарам зайд бичигдэх төдийхнөөр л хэмжигдэх юм даа.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *