Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ төсөвт тодотгол хийхээр хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулган Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үдээс өмнөх хуралдаанаараа хэлэлцлээ. Төсвийн тодотголыг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцүүлнэ гэснээ яагаад одоо оруулж ирж байгааг лавласан гишүүний асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Заавал ээлжит бус чуулган зарлахгүйгээр ээлжит чуулганаараа хэлэлцэх бололцоо байсан учраас одоо оруулж ирж байгаа” гэж тайлбарлана лээ. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн зарим обектийг хувьчлахаар төлөвлөсөн. Энэ хувьчлал яагаад удааширч байгааг тодруулсан гишүүний асуултанд тэрбээр “Хувьчлал яагаад удаад байна гэхээр өнөөдөр эдийн засаг ийм хүндрэлтэй байгаа цаг үед бид хувьчлал нэрийн дор төрийнхөө өмчийг хямд борлуулчихмааргүй байгаа юм. Цаашдаа эдийн засаг сайжирч эхэлсэн тохиолдолд бодит үнэ ханшаар нь борлуулах бололцоо бүрдэж магадгүй гэж тооцсон учраас хувьчлалыг бид жаахан хойшлуулж байгаа гэдгийг хэлье. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг УИХ-аас гаргасан тогтоолын хүрээнд Засгийн газар шийдсэн” гэлээ.

ТЭТГЭВЭРИЙН НАС, ШИМТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА ГАРСАН

Тэтгэвэрийн нас, хүүхдийн мөнгөний асуудлаар Д.Сарангэрэл гишүүний асуултад хариулахдаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Тэтгэвэрийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх хоёр арга хэмжээг зайлшгүй шаардлага гарсан. Би та бүхэнд нэг статистик хэлье. Тэтгэвэрийн сан 2014 онд 297 тэрбум төгрөгийн татаас авсан. 2016 онд 478,1 тэрбум төгрөгийн татаасыг төсвөөс авсан. 2017 онд 578,3 тэрбум төгрөгийн татаас авах юм байна. Бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2018 онд 677,7 тэрбум болж өснө. 2019 онд 738,9 тэрбум төгрөг, 2020 оноос 807,7 тэрбум төгрөгийг зөвхөн улсын төсвөөс тэтгэврийн санд татаас болгож олгох юм. Тэтгэвэрийн сан асар өндөр алдагдалтай болсон учраас ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс аргагүй болж байгааг зөв ойлгоосой. 2018-2020 онд өгөх татаасын хэмжээ 2,3 их наяд төгрөгт хүрч байгаа. Зөвхөн тэтгэврийн сангийн татаасыг өгч бусад хөгжлийн санхүүжилт, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр нэмэх асуудал хүндрэлтэй болно. Урьдны Засгийн газрууд маань жаахан эрт мэдрээд, зориг гаргаж шинэчлэл хийсэн бол Тэтгэврийн сан маань өдийд жигдрэх хандлагатай байсан болов уу гэж харамсч байна гэлээ. Д.Сарангэрэл гишүүн “Тэтгэврийн насыг нэмнэ гэхээр нийгэмд буруу ойлголт яваад байна. Өнөөдөр 55 нас хүрсэн эмэгтэй хүн, 60 нас хүрсэн эрэгтэй хүн тэтгэвэрт гарах эрх нь хуулиараа үүсч байгаа. Хэрэв эмэгтэй хүн хүсвэл жаран нас хүртлээ, эрэгтэй хүн 65 нас хүртлээ ажиллаж болно. Амьдрал дээр өнөөдөр 55, 60 нас хүрэв үү үгүй юу хөөгөөд гомдоогоод байгаа юм. Тийм учраас эхний ээлжинд энэ хуулиа засч сайжруулах шаардлагатай” гэлээ. Сонголт бий болгох тухай түүний санааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан С.Чинзориг гишүүн дэмжсэн. “Эмэгтэйчүүд өөрөө хүсвэл олон хүүхэдтэй гээд 50-тай тэтгэвэрт гарч болно гэдэг сонголт бий болгох хэрэгтэй. Манай ажил олгогчид өөрөө хүсвэл гэдгийг анзаарахгүй заавал захиргааны санаачилгаар 50-тай, 55-тай тэтгэвэрт гаргаад байгаа юм. Өөрөө хүсээгүй нөхцөлд захиргааны санаачилгаар 50, 55 настай ээжүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарахыг нь хориглоно гэсэн заалт оруулж болохгүй юм уу” гэж асууж байлаа. Сангийн сайд хариуд нь “Та жаргал зовлонг нь мэдэж байгаа. Одоо бид Тэтгэврийн сантай байх уу, дампууруулах уу гэдэг байдалд хүрсэн” гэсэн юм.

ОУВС-ТАЙ ХИЙЖ БАЙГАА ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНД ЦААСААР ҮЗҮҮЛЖ БОЛНО

“ОУВС-тай хийсэн гэрээг цаасаар авч үзэж болох уу” гэсэн гишүүний асуултад Б.Чойжилсүрэн сайд ийнхүү хариулав. “ОУВС-тай бид ажлын хэсгийн түвшинд тохирчихоод байгаа. Ажлын хэсгийн түвшинд тохирсны дараа хөтөлбөр ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар орж батлагдахаас өмнө Монгол Улсын Засгийн газар, Монгол банк гурван нөхцөл хангах учиртай. Энэ гурван нөхцлийг хангаад явж байгаа. Нэг нь болох төсвийн тодотголыг та бид хэлэлцээд явж байна. Захирлуудын зөвлөлөөр ороод батлагдсны дараа олон нийтэд ил болгоно. УИХ-ын гишүүний хувьд төслийг нь цаасаар танилцуулъя гэлээ.

ОУВС дахин өөр шаардлагууд тулгах вий гэсэн болгоомжлол зарим гишүүнд байлаа. Харин Б.Чойжилсүрэн сайд “ОУВС-тай тохирохдоо бид нийгмийн эмзэг хэсэг, дундаж хэсгийн амьдралд аль болох бага нөлөөлөхүйц, бараг нөлөөлөхгүй байдлаар татварын болон бусад эдийн засгийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон гэж үзэж байгаа. Одоохондоо дахиж ОУВС-гийн нэрийг бариад асуудал оруулах шаардлага байхгүй. ОУВС-тай тохирсон нөхцлүүдийг энэ төсвийн тодотголоор бүгдийг нь оруулж ирсэн. Зарим арга хэмжээ нь 2017 оны төсвийн жилээс хэрэгжээд явна. Үлдсэн нь 2018-2019 оноос хэрэгжинэ” гэлээ.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН МӨНГӨӨ Ч ХҮНСНИЙ ТАЛОН Ч АВНА

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд бус 40 хувьд нь олгох болсон тухай гишүүний асуултанд Сангийн сайдыг хариулахаас өмнө УИХ-ын дарга М.Энхболд зүүлт хийж “Хүүхдийн мөнгийг 40 болгох зорилт тавина гэснээс биш яг 40 болгоно гээгүй” гэж үг дайж байна.

Сангийн сайд тайлбарлахдаа “Хүүхдийн мөнгөний тухайд ОУВС-тай хийсэн тохироо, тэдний талаас тавьж байгаа болзол, шаардлагуудын хүрээнд “Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгтээ олго. Одоо хүүхдийн мөнгө олгож байгаа 60 хувиа 40 болго. Эндээс гарах 20 хувийн хэмнэлтийг зорилтот бүлэгтээ хүнсний нэмэлт талон болгож өг гэж шаардлага тавьсан. Үүнийг төсвийн тодотголд суулгаж оруулж ирсэн байгаа. Зорилтот бүлгийн хүүхдүүд мөнгөө ч авна, нэмээд хүнсний талон ч авна. Хэмнэгдэж байгаа мөнгийг ондоо зүйлд зарцуулахгүй” гэлээ.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГАРЦААГҮЙ ШААРДЛАГА БАЙГАА

О.Энхтүвшин гишүүн хариуцлага тооцох талаар асуулаа. Б.Чойжилсүрэн сайд “Хариуцлага тооцох гарцаагүй шаардлага байгаа” хэмээн хүлээн зөвшөөрөөд дараах тайлбарыг хийв. Хөгжлийн б анкин дээр Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаад урьдчилсан шалгалтын дүн гарсан. 1,4 орчим их наяд төгрөгийн зөрчил гарсан. Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байгаа. Одоо хууль хяналтын байгууллагууд шалгах процесс явж байгаа. Концесc, векселийн гэрээнүүдэд хөндлөнгийн аудитийн шалгалт оруулахаар ОУВС-тай урьдчилсан тохироо хийсэн. Энэ дагуу бид Аудитийн ерөнхий газарт бүх концессийн төслүүдэд аудит оруулж өгөөч гэсэнхүсэлт тавьсан. Алинийг нь хууль хяналтын байгууллага руу шилжүүлэх вэ, алийг нь цаашаа үргэлжлүүлэх вэ гэдэг дээр аудитын байгууллагын саналыг авна гэлээ.

БҮХ САЙД НАРЫН ТӨСӨВ ЯАГААД НЭМЭГДСЭН БЭ?

Ө.Энхтүвшин гишүүн “Зардал хэмнэх тухай яриад байхад хэвлэлээр бүх сайд нарын зардал нэмэгдсэн гээд мэдээлээд байгаа нь ямар учиртай юм бэ” гэж лавласан юм. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн үүнд хариулахдаа “Бүх сайд нарын төсөв нэмэгдсэн талаар хэвлэлээр гажуудуулсан, санаатай юм уу санамсаргүй юм уу мэдээлэл түгж эхэлсэнд харамсч байгаа. 2017 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад төсвийн зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 220,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирсэн. Үүнд хамгийн том нөлөөлсөн зүйл бол хүүгийн орлогоос шинээр нэмж гарах ипотекийн зээлийг төсөвт суулгах шаардлага ОУВС-гаас тавьсан. Үүнд 111 тэрбум төгрөг суулгасан байгаа. ЖДҮ-ийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн шинээр нэмж олгох эх үүсвэрийн хэмжээг 51,8 хувиар нэмсэн. Орлого нь ялгаагүй ийм хэмжээгээр нэмэгдэж байгаа. Монгол Улсад хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын шинжтэй арга хэмжээнүүдийг 116,7 тэрбум төгрөгөөр гадаадын зээл тусламжийг нэмэгдүүлсэн байгаа. Мах сүүны анхдугаар аян, атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлэхэд 35 тэрбум төгрөг нэмж суулгасан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэцүү байгаа боловч хэрэгжүүлж эхэлье гэдэг зорилтын хүрээнд тавьсан. Үүн дээр нэмээд 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банк, Засгийн газар өр авлагаа салгасан. Тэгэхээр 2017 оны төсөвт тусгай хавсралтаар Хөгжлийн банкнаас санхүүжих дүн гээд 172 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний 80 гаруй төсөл арга хэмжээнүүдийг Засгийн газар өөртөө авч, Төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр хувааж тавьсан учраас тэдний зарлагын дүн өссөн бодит нөхцөл байгааг учирлаж тайлбарлая” гэлээ.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *