Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ шийдвэрээ гаргавал ОУВС, Дэлхийн банк хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлэн гэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Дэлхийн банкны Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Жейсон Алфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Ж.Мөнхбат хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг онцлоод Дэлхийн банк нь ОУВС-тай хамтран ажиллаж, манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэх гэж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэв.

Жейсон Алфорд: Та бүхнийг засгийн эрх авахад танай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг бид мэднэ, одоо тогтворжиж сэргэх хандлагатай болж байгаад бид ч баяртай байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлогын түвшинд тодорхой бүтэц байгуулан ажиллаж байгаа нь бусад улс орнуудад сайн туршлага, сайн жишээ болно гэдэгт итгэлтэй байгаа. Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй, гэхдээ хөрөнгө оруулагчдын мөнгөн гүйлгээг зөвхөн Монголын банкаар дамжуулах байдлаар хязгаарлах нь эдийн засагт сөрөг тал ихтэй. Энэ харилцааг зохицуулсан парламентын шийдвэрээ эргэж харж байгаа эсэхийг сонирхож, хэрвээ УИХ шийдвэрээ тодорохой болговол Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар ОУВС, Дэлхийн банкны зүгээс шийдвэрээ богино хугацаанд гаргахад бэлэн гэв.

Ж.Мөнхбат: Зарим том төслүүдийн орлогыг Монголын банкаар дамжуулах тухай зохицуулсан УИХ-ын тогтоолыг эргэж харах, өөрчлөх чиглэлээр УИХ дахь олонхийн бүлэг улс төрийн нэгдсэн шийдвэрээ гаргасан. Удахгүй, энэ долоо хоногтоо багтаад УИХ эцсийн шийдвэрээ гаргана. Түүний дараа ОУВС манай улсад хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны шийдвэрээ баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *