Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах саналыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын баг, Байнгын хорооноос гарсан 150 орчим саналын томьёоллоор санал хураах ажлыг үргэлжлүүлж байна. Одоо УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн “28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.” гэсэн саналтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.

Төслийн заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Одоогийн хуулиар, УИХ санал хурааж Түр хороо байгуулна гэж жил гаруй хугацаа зарцуулдаг. Энэ заалт орж ирснээр, дуулиантай том хэргийг хууль хяналтын байгууллага анхаарч байгаа эсэх асуудал гарвад УИХ-ын 19 гишүүн асуудал дэвшүүлээд, цөөнхийн төлөөлөл оролцуулж Хянан шалгах түр хороо байгуулах ач холбогдолтой чухал заалт юм. Дэлхийн олон оронд энэ зохицуулалт байдаг. Харин төслийн энэ хэсэгт хамаарах сүүлийн заалтад гэрч дуудах, шинжээч томилох зэргийг хасах саналтай байгаа. Байнгын болон бусад түр хорооны бүрэн эрхийг хуулиар зохицуулна гэж хамтатгаад, хууль зүйн техникийн хувьд зассан” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Энэ заалтыг зөв гэж үзэж байна. Хуулийн хэрэгжилтийн хяналтын хамгийн дээд тогтолцоо нь УИХ байх ёстой. Энэ тогтолцоо гажуудсанаас хуулийн байгууллагууд хяналтгүй болж, парламентын нэр хүнд унасан. Тиймээс УИХ-д бүх институц байх ёстой. Ингэхдээ хуулийн мэргэшлээр нь дэмжүүлсэн хянан шалгах хороогоо байгуулаад явах нь зүй. Одоогийн хуулиар ажлын баг байгуулаад ажиллаад үр дүн гарахгүй байгаа” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, “Одоогийн хуулиар Түр хороо байгуулж болж байна. Тиймээс энэ заалт байх хэрэгтэй, эсэхийг дахин нягтлаарай. Энэ хэсэгт хамаарах гурван заалтад Түр хороо нь шинжээч томилно, гэрч дуудна, нотлох баримт цуглуулна гэсэн зохицуулалт орсонд шүүмжилж байна. Хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхийг дүгнэх л үүрэгтэй байх ёстой. Ер нь Үндсэн хуулийн амин сүнс нь шүүхийн хараат бус байдалтай холбоотой заалтыг сайжруулахад оршино. Ард түмэнтэй уулзсан гишүүдийн ярьснаар, шударга шүүхтэй, хуулийн байгууллагатай байхыг эрмэлзэл байна. Хэрвээ бид хараат бус шүүхтэй байх, түүнийг улс төрөөс ангид байлгахыг хуулиар шийдэж чадахгүй бол мянган түр хороо байгуулаад үр дүн гарахгүй. Энэ зохицуулалтыг оруулснаар, шүүхийн хараат бус байдлыг хангаж чадахгүй.

Гэрч дуудах, нотлох баримт цуглуулах саналыг эсэргүүцэж байгаа нь улс төрийн амьдралд харахад юу ч хийж болохоор сул тал байна. Учир нь бидэнд улс төрийн төлөвшил сул байгаа юм. Дуулиантай том хэрэгт хяналт тавиад буруу зөрүү ажлыг хянахад сайн ч “цэгийн чинээ харыг уулын чинээ болгож, уулын чинээг цэгийн чинээ хар болгох” асуудал гарна” хэмээв.

Ингээд санал хураахад гишүүдийн олонх төслийн “28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.” гэсэн саналыг дэмжлээ.

Дараа нь төслийн “28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэсэн заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үг хэлэв.

Тэрбээр, “Ижил заалтыг хамтатган хэлэлцэж болохгүй. Тус тусдаа хэлэлцэх ёстой. Учир нь энд хоёр өөр заалтыг хамтатгаад оруулсан байна. Хянан шалгах түр хороо нь бусад түр хороотой ижил статустай. Гэтэл яагаад Үндсэн хуульд онцолж оруулж байгаа вэ. Нэг зүйл заалтад “Байнгын хороо болон бусад хорооны үүргийг хуулиар тогтооно” гэж оруулсан байна. Байнгын хороод болон бусад түр хорооны үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоохыг органик хуулиар зохицуулахад л болно” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт, “Хуучин Ардын хянан шалгах хороо гэж байсан. Төрийн хэмжээнд байгаа бүх хууль хяналтын байгууллагыг зангидаж атгадаг газар байсан гэж боддог. Өнөөдөр АТГ-ын гаргасан шийдвэр прокурор дээр очоод сулардаг. Прокуорын шийдвэрийг шүүх шийдэхгүй өнждөг. Төрийн эрх мэдэлтэй өндөр албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэрт арга хэмжээ авах гэхээр эргээд хууль хүчний байгууллагын хүч нь дутаад байдаг. Тиймээс УИХ-ын дэргэдэх хянан шалгах хороо байгуулбал тэр хуулийн байгууллагыг хянаж шийдвэр гаргахад шахаж ажиллах, дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Тиймээс энэ саналыг дэмжиж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Шүүх эрх мэдэл рүү халдаад төрийн өндөр албан тушаалтныг ялладаг зорилгоор энэ хороог байгуулах биш юм. УИХ төрийн бодлого тодорхойлж, Засгийн газар хэрэгжүүлнэ. Ингэхдээ бодлогыг зөв, буруу хэрэгжүүлж байгаа эсэхийг хянах түр хороо байгуулж, түүгээрээ шийдвэрлье гэж байгаа юм. Давхар дээлтэй гишүүд хууль хяналтынханд нөлөөлж байсан. Энэ эрхийг нь энэ хуулийн төслөөр хязгаарлаж байгаа. УИХ-ын гишүүнийг сайдаар томилохгүй юм. Төсөлд тусгасан 28.2, 28.3 гэсэн хоёр заалтыг хэлэлцэх явцад, мэргэжлийн шинжээч томилох, гэрч дуудах, нотлох баримт цуглуулах саналыг хасахаар шийдвэрлэсэн. Учир нь энэ түр хороо нь шүүхийн байгууллагын ажлыг давхар гүйцэтгэх болоод байгаа юм. Тиймээс 28.3 заалтыг хасъя гэдэг санал гаргасан. 28.2 дээр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг уг хороогоор шийддэг байхаар тусгасан. Бусад байнгын болон бусад хорооны журмыг хуулиар тогооно гэдэг нь түр хороо байнгын хороодын эрх үүргийг органик хуулиар тодорхой заагад, хянан шагах түр хороог ялгамжтай байлгахаар тохирсон” хэмээв.

Ингээд санал хураахад 93,7 хувийн саналаар, “28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг хасах саналыг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *