Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хот байгуулалттай холбоотой асуудал тухай тухайн үедээ шийдэгдээд явах байх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, чөлөөлөх төслийг хэлэлцэх эсэхийн шийдлээ. Гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Дараагаар нь Хот байгуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аэросити хот байгуулах тухай уг тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Шинэ хот нь олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байгуулагдах юм.

Аэросити болон Майдар хот Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулах М.Энхболд гишүүний саналыг гишүүдийн олонх дэмжив. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан ч дэмжигдээгүй юм. Гэхдээ орон нутгийн удирдлага болон иргэдийн саналыг авсны дараа нь байнгын хороогоор нэрийг эцсийн байдлаар өгөх чиглэл өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. УИХ-ын дарга Аэросити хотын нэрийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ байнгын хороо анхаарах чиглэлийг өглөө. Дараагаар нь Аэросити гэснийг Тулуй хот болгох саналыг байнгын хороо дэмжээгүйг дэмжих санал хураалт явуулав. Гишүүд энэ асуудалд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Энэ санал байнгын хороогоор дэмжигдээгүй. “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх саналыг орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, иргэдээс бичиг ирсэн. Уг саналд хотын нэршлийг “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан тул уг хүсэлтийг нь эцсийн хэлэлцүүлэг дээр гишүүд дэмжиж, анхаарч өгнө үү. Хот байгуулалттай холбоотой асуудал тухай тухайн үедээ шийдэгдээд явах байх.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Төрийн эрх барих дээд байгууллага энэ асуудлыг шийдээд явах ёстой. Байгуулагдаад явчихсан байхад асуудал яригдана. Нэр усыг төрийн эрх барих дээд байгууллага өгөх ёстой. Бид өчигдөр үндэслэлүүдээ ярьсан. Төвийн бүсийн гол татах хүч болох ёстой. “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж өөрчлөх саналаа мөн илэрхийлж иргэдээс санал авахгүйгээр байнгын хороо дээр нэршлийг эцсийн байдлаар шийдвэрлэх нь зөв. Түүх уламжлалаа бодсон нэр өгөх нь чухал. Би энэ нэрийг дэмжих болов уу гэж бодож байна. 16.00 цаг хүртэл гүйцээн боловсруулах чиглэл өгч байна.

Ийнхүү байнгын хороогоор дэмжээгүй саналаар санал хураалт явуулахгүй гээд “УИХ, Засгийн газрын чиг үүрэгт хамаарах хотуудын нэрийг боловсруулж, танилцуулах асуудлаар мэтгэлцээн явуулах нь зохимжгүй. Үндсэн хуулийн зарчим, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох шаардлагад нийцүүлэн “Аэросити” буюу олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулж буй хотын оноосон нэршлийг орон нутгийн санал санаачилгаар боловсруулж үе шаттай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Нэршлүүдийг судлаад шийдвэр гаргах асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгож байна хэмээн спикер онцлов.

Ийнхүү “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Дараагаар нь “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих тогтоолыг батлав.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *