Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавын хэрэгт холбогдсон Д.Чинбаярын ялыг 17.6 жил болголоо

Тайвань руу Монгол Улсын
дотоод нууцтай холбоотой асуудлыг
орчуулан гаргаж, тагнуул хийж
байсан үндэслэлээр УИХ-ын гишүүн
М.Батчимэгийн зөвлөх
З.Пагмажав, Д.Чинбаяр нарт анхан
шатны шүүхээс 16-22 жилийн ял оноосон.
Тодруулбал, З.Пагмажавыг эмэгтэйчүүдийн
хорих ангийн чанга дэглэмтэй
ангид 16 жил хорих ялаар
шийтгэжээ. Мөн эх орноосоо
урвасан хэрэгт холбогдсон Д.Чинбаярт чанга дэглэмтэй хорих
ангид 22 жилийн хорих ял
оноогоод байсан.

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах З.Пагмажавын
хэрэг давж заалдах шатны
шүүх хурлаас мөрдөн байцаалтад
буцаад байсан. Харин өчигдөр Д.Чинбаярт холбогдох эх орноосоо урвасан,
тагнуул хийсэн гэх хэргийг
нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах
шатны шүүх дээр хэлэлцээд
түүний 22 жилийн чанга дэглэмтэй
хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй
хорих ял болгосон байна.

Д.Чинбаяр, З.Пагмажав нарыг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн
79.1-т зааснаар буруутгаж байгаа юм. Уг
зүйл ангид “Монгол Улсын
иргэн тус улсын тусгаар
тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан
хамгаалах хүчин чадалд хохирол
учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын
албанд элссэн, төрийн нууцыг
гадаад улс, түүний тагнуулын
албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын
эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг
гадаад улсын байгууллагатай хамтран
ажилласан, дайны байдалд буюу
дайн бүхий байдал зарласан
үед дайсны талд шилжин
орсон бол арван зургаагаас
хорин таван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ”
хэмээн заажээ.

Ж.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *