Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар уржигдрийн бүлгийн хуралдаанаар
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын
гишүүн Лувсангийн Эрдэнэчимэгийг дэвшүүлсэн талаар өнөөдөр танилцуулсан юм.
Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан,
С.Оюун, Ж.Батзандан, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал, зөвлөмж хэлсний
дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж
ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал
хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжиж
чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.
Мөн байнгын хорооны гишүүдийн зүгээс тус байнгын хороог тодорхой хугацаанд
сайн удирдаж, салбарын хэд хэдэн чухал хууль, тогтоомжийг хэлэлцэн батлуулахад
хамтран ажилласанд Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдод талархал илэрхийлж,
цаашдын ажилд нь амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын
газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.