Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн А.Сүхбат нар Монголын үндэсний бөхийн холбоог эсэргүүцлээ

Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж байгаа талаар УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, “Ээлжит бус их эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч гэх Ү.Хүрэлбаатар, Улсын начин МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн Ц.Дуламсүрэн, Хөвсгөл аймгийн ҮБХ-ны тэргүүн Эрдэнэбаяр нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн Ү.Хүрэлбаатар “Монголын үндэсний бөхдөө хүн болгон хайртай. МҮБХ-оог тойрсон маргаан өнөөдрийн маргаан биш юм. 2002 оны 12 дугаар сард МҮБХ-ны IV Их эе гэж болсон. Тэр хурлыг удирдаж, тэргүүлэгчээр ажилласан хүмүүс нь дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Данзан, Ү.Хүрэлбаатар гээд таван хүн байсан. Энэ хурлаар үндэсний бөхийн холбоотой дүрэм, журмыг бүгдийг л шийдсэн. Харин нэг л асуудал шийдэж чадалгүй үлдсэн юм. Тэр нь МҮБХ-ны тэргүүнийг сонгож чадалгүй тарсан. Улмаар 2003 онд энэ асуудлаар шүүхийн байгууллагаас МҮБХ тэргүүнээ сонгож чадаагүй гэсэн албан ёсны шийдвэр гарсан. Ингээд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах шаардлагатай байсан болоч одооны тэргүүлэгчид үүнийг ажил болгож хийгээгүй. Энэ нь одоог хүртэл явж байна. Цэцдийн зөвлөлийн гол үүрэг бол Их эеийг хуралдуулах явдал. Бид бол хууль эрх зүйн хүрээнд л бүх үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат “Би өөрийгөө ард түмэндээ нэртэй хүн гэж тооцож явдаг. Би монгол бөхдөө өртэй хүн. Хөдөө малчны хүүхэд ямар байдаг билээ. Барилдаж ноцолдож өдгөө дэвжээндээ зогсож байна. МҮБХ-ны тэргүүн Ц.Нямдорж та энэ байгууллагыг 26 жил хууль бусаар удирдаж явлаа. Одоо болоо юм биш үү. Хэдэн жил үндэсний бөхийг самрах гэсэн юм. Танаар удирдуулах, ажлаа хийлгэе гэсэн бөхчүүд алга байна. Уучлаарай. “Монгол бөх цэвэр ариун байж гэмээн Төр ариун байна” гэсэн бодолтой явдаг хүн. Сум орон нутгаар явахад хэцүү болжээ. Аймаг сумын наадам найраатай болсон байна. Сумын цол авахад таван сая төгрөг, аймгийн арслан болоход 50 сая төгрөг, улсын начин цол 500 сая төгрөг гэхчлэн ийм байдалтай явсаар байгаад 26 жил болжээ. Өнөөдөр бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байна. Зарим бөхчүүдийн цолыг олгохгүй байна. Ерөөсөө барилдаагүй хүнд цол олгох жишээтэй. Монгол Үндсэний бөх их спортын суурь болж өгдөг гайхамшигтай спорт юм. Нэг хүнийг хараад суулгүй монгол бөхийнхөө дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулъя. Бид нарт боломж бий” гэлээ.

Хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Дархан аварга Х.Баянмөнх хүргэн А.Сүхбат болоод нутгийнхаа аваргуудыг нэгтгэн Аваргуудын зөвлөл гэж байгуулсан. Энэ зөвлөл нь МҮБХ-той ямар ч хамааралгүй хэмээн МҮБХ-ноос мэдэгдэл гаргасан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Аваргуудын зөвлөл анхны хуралдаанаараа дархан аварга Ж.Мөнхбатыг зөвлөлийн даргаар сонгож байсан. Тэр хуралд дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад бүх аваргууд оролцсон юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбатын хувьд Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийг олон жилийн өмнөөс эсэргүүцсээр ирсэн билээ. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүй дүрс бичлэгийг дор хүргэе.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *