Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ аварга нар харилцан мэдэгдэл хийв

Үндэсний их баяр наадам ойртсонтой холбогдуулан бөхчүүдийн маргааны асуудлаар УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “МҮБХ-ны асуудлаар хоёр тал уулзаж, ярилцсан. Монгол бөх цэвэр ариун байвал монголын төр цэвэр ариун байна гэдэгт санал нэгдэж, эвлэлдсэн. Хоёр тал санал нэгдэж, гарын үсэг зурах хэмжээнд хүрсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр нарын бөхчүүд уулзалтын талаар Б.Бат-Эрдэнэ аваргад хэлээд, маргааш гарын үсгээ зуръя гээд явсан. Харамсалтай нь өглөө нь Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрөөгүй, баяр наадмын дараа болъё гэсэн хариу хэлсэн. Б.Бат-Эрдэнэ аварга нүүрэн дээрээ зөвшөөрсөн мэт боловч цаагуураа хагарган бутаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Шадар сайд хүртэл анхаарал тавьж, хүлээн авч уулзсан. Ганцхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга. Улс, аймаг, сумын цолтой бөхчүүд эвлэлдэн нэгдье. Г.Өсөхбаяр дархан аварга, Ц.Мягмарсүрэн заан нар бидэнтэй нэгдэхэд санал нэг гэдгээ илэрхийлсэн. МҮБХ гэдэг Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын өмч биш. Улсын баяр наадам эмх замбараагүй болох, томоохон цолтой гол бөхчүүд барилдахгүй болох вий гэдэгт санаа зовж байна. Бөхчүүдийн, монголын ард түмнийг хагалган бутаргагч нь Б.Бат-Эрдэнэ болчихоод байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ мөн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн учраас би нэрээ татна гэдгээ хэлсэн. Үүний дараа Бөхийн өргөө рүү дайрсан, хамгаалалтын ажилтнуудыг хөлслөн ажилласан зүйл болсон. Бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. “2002 оны дүрэм, 2002 оны Цэцдийн зөвлөл үнэн байна” гэж Х.Баянмөнх аварга хэлсэн. Бид үүнийг нь дэмжсэн. Буулт хийгээд, дэмжээд явсан. Тавдугаар сарын 3-нд Цэцдийн зөвлөлийн хурлаа хийсэн. Ж.Ганболд заанаар даргалуулаад, “Их эе”-ийн товоо гаргасан. Гэтэл Ж.Ганболд зааныгаа өөрсдөө хүлээн зөвшөөрөхөө больсон. Л.Чинбат гэдэг хүн аварга Г.Өсөхбаяртай уулзсан. Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг сонгох санал тавьсныг нь бид хүлээж авсан. Дараа нь нөгөө саналаа дахин өөрчилсөн. Х.Баянмөнх аваргыг тэргүүн болгож, Ү.Хүрэлбаатарыг Цэцдийн зөвлөлийн даргаар сонгоно гэснийг нь бас л дэмжсэн. Тэдний дотоодын хагарлын улмаас бөхчүүд нэгдэж чадахгүй байна. Бүхий л саналыг нь дэмжихээс өөрөөр яах ёстойгоо би мэдэхгүй байна. Бөхчүүд бутарсан хагарсан зүйл байхгүй. Тэд яагаад ийм яриа гаргаад байгааг ойлгохгүй байна гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *