Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүд ийм байр суурьтай байна

Засгийн газрыг огцруул­санд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Ц.ОЮУНГЭРЭЛ: ХАМТРАН ЗҮТГЭГЧИД МААНЬ НАМЫН ДҮРЭМ ХАТУУ ШҮҮ ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ИЙМ АЛХАМ ХИЙЛЭЭ

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огц­руул­чихлаа. Одоо юу болох бол?

-Улс төрийн нөхцөл байд­лаас болж төрийн ажлыг гацаах­гүй гэдэг үүднээс сая Шадар сайд Д.Тэрбишдагвыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэт­гэгчээр томиллоо. Одоо ид төсөв хэлэлцэж байна. Ийм үед эдийн засгаа самар­чил­гүй­гээр төрийн ажлаа үргэлж­лүүлэх л шаард­лагатай. Миний хувьд төрийн ажлыг тасалдуулалгүйгээр ажлаа үргэлжлүүлэхийг хичээнэ.

-АН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах кноп дарлаа. Зарим нь санал өгөхөөс зугтлаа. Энэ хүмүү­сийг намаас хөөх тухай асуу­дал яригдаж байх шиг байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Би үнэхээр харамсч байна. Хамтран зүтгэгч найз нөхөд маань намын дүрэм хатуу шүү гэдгийг мэдсээр байж ийм алхам хийлээ. Манай намын 15 хүн Ерөнхий сайдыг огцруулахад нөлөө үзүүллээ. Мөн “Шударга ёс” эвслээс хамааралтай тав, нэг бие даагч гишүүний санал Ерөнхий сайдыг огцруулахад нөлөөлчихлөө. Энэ 20 хүн улс төрийн ухамсартай сонголт хийсэн гэж өөрсдөө үзэж байгаа байх. Үүнийх нь үр дүнд Ерөнхий сайд огцорч байна. АН өнгөрсөн он жилүүдэд хаширсан шүү дээ. Энэ гашуун туршлагыг давтуулахгүйн тулд “Ерөнхий сайд, намын даргаа огцруулахад хүргэсэн гишүүдийг намаас хасна” гэдэг заалттай дүрэм бий болгосон. Тиймээс намын дүрмийн энэ заалт үйлчлэх нөхцөл байдал үүсчихлээ.

-Гэхдээ энэ олон гишүүнийг хөөвөл АН юу болж хувирах юм бэ?

-Хөөх биш намаас хасна. Олон хүнд дүрэм үйлчлэхгүй, цөөн хүнд үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт намын дүрэмд ингээд заачихсан учраас хэрэгжүүлэхийг манай намынхан шаардах болов уу. Хөдөө орон нутгийн гишүүд ч сая болсон зөвлөгөөнөөр энэ тухай сануулсан.

-Одоо намын даргын асуудал юу болох бол?

– Гүйцэтгэх зөвлөлөөс ҮЗХ-ны хурлын товыг зарлах байх. Үүгээр л асуудал шийдэгдэх болов уу.

Г.УЯНГА: БИД ЗАСАГТ ОРОХ БИТГИЙ ХЭЛ ХУУЛИА БАТЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-Эдийн засгийн нөх­цөл байдал хүнд энэ үед УИХ Ерөнхий сайд Н.Алтан­хуягийг огцруулчихлаа. Одоо юу болох бол?

– Ер нь хөдөлгөөн хийхэд буруу юм байхгүй. Өнөөдрийг хүр­тэл явж ирсэн улс төрийн тог­­лоо­мыг таслан зогсоох цаг бол­­­сон. Одоо Үндсэн хуулийн өөрч­лөлт рүү яаралтай орох ёстой.

-Яаж өөрчлөх ёстой гэж?

-Юуны өмнө засаглалын хэлбэрийг ярилцах ёстой. Засаглал нь илүү тогтвортой, хэн нь ямар эрх мэдэлтэй байхав гэдэг нь тодорхой байдаг тогтолцоо руу шилжих ёстой. Бие биеэ элдэв муу муухай­гаар дуудалцдаг, хэн хэнийгээ хүлээн зөв­шөөр­­дөггүй, хоорондоо дайсаг­налцдаг нь эцэстээ төрөө ямар ч үнэ хүндгүй болгож байна. Манай Үндсэн хууль биднийг ийм л зүйл рүү түлхчихлээ. Энэ байдлаасаа бид гарах ёстой. Ийм байр сууринаас хандаж сая саналаа өгсөн.

-Дараагийн Засгийн газ­рын асуудал одоо яригдаж таар­на. Асуудал яаж өрнөх бол?

-АН-ынхан дотооддоо ярьж шийдэх байх. Ер нь УИХ-д шинээр орж ирсэн гишүүдийн хувьд өнөөдөр ямар ч хууль санаачлаад нэмэргүй. Энд бидний ажиллах орчин биш, хууль батлуулдаг парламент биш юм байна гэдгийг сайн ойлгосон. Гэтэл хэн нэгний лоббигоор юм уу олон жил пар­ламентад байсан гишүүдийн өргөн барьсан хууль маш хурдан батлагдаад явдгийг харлаа. Тиймээс өөрчлөлт хийх ёстой.

-Өнөөдөр (өчигдөр) Н.Алтан­хуяг сайдын эсрэг кноп дарсан гишүүд дараа­гийн ээлжинд сайд болно гэх хардлага байна л даа…

-Бид засагт орох битгий хэл хуулиа батлуулж чадахгүй байна. Энд өөр үеийнхний өөр эрх ашиг явдаг гэдгийг мэдрээд байна.

-Н.Алтанхуягийг сольж, өөр баг гарч ирснээр энэ бүхэн өөрчлөгдөх үү?

-Хэнийг ч хэнээр ч солиод өөрчлөлт гарахгүй. Гэхдээ энэ үйл явдалд үндэслээд том зөвшилцөл хийх ёстой. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй.

-Саяын тохиолдолд АН гишүүдээ зангидсангүй, “Шударга ёс” эвсэл ч тэгж чад­сан­гүй. Бүлгийнхээ шийд­вэрийг дагаагүй гишүү­дийн нэг нь та болчихлоо. Яагаад ингэв?

-“Шударга ёс” эвсэл асууд­лаа явуулахгүй байна. Хэдхэн хүнийг дарга, сайд бол­гохын төлөөх эвсэл болчих гээд байна. “Шударга ёс” эвсэл аялдан дагалдсан маягтай байна. Аялдан дагалдсан бай­лаа ч асуудлаа шийдүүлж байвал яая гэхэв. Гэвч тийм зүйл алга. Эрх баригчийн байр суурин дээр зогсч, ард түмэнд хэрэгтэй хууль батал­сангүй, өнөөдрийг хүртэл харагдсангүй. Энэ хэвээрээ байвал сонгогчдодоо хэлэх үгтэй байхын тулд би сонголт хийж болно. Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй эвслээсээ гарна гэж хэлэхгүй л дээ.

Д.ЗОРИГТ: ӨЧИГДӨРХӨН ЗАСГАА АВЧ ҮЛДЭНЭ ГЭЖ БАЙСАН ГИШҮҮД ИРСЭНГҮЙ

-Засгийн газрыг унагасан АН-аас хөөх асуудал яриг­даж эхэллээ?

-Тийм заалт бий. Олонхийн бүлгийн гишүүд гарын үсэг зурж эсрэг санал гаргаж, эс үйлдэх буюу ирцээ бүрдүүлж ирээгүй тохиолдолд намаас хасах дүрмийн заалттай. Гэх­дээ намын Хяналтын ерөнхий хороо энэ асуудлыг шийднэ.

-Хуралдаанд ирээгүй гишүүдийн тухайд асуудал яаж яригдах бол?

-Өнөөдөр манай бүлгийн долоон хүн ирсэнгүй. Тэд өчигдөр л гэхэд энэ хүмүүсийн нэлээд хэд нь Засгийн газраа авч үлдэнэ гэж байсан. Гэтэл өнөөдөр бидэнд мэдэгдэхгүй шалтгаанаар ирсэнгүй.

-Дараагийн Засгийн газар хуу­лийн хугацаанд бай­­гуу­­лагдах боломж байна уу?

-14 хоногийн хугацаанд шинэ Засгийн газар байгуу­лагдах хуультай.

-Дараагийн Засгийн газ­рыг байгуулахын тулд зөв­шилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэж МАН мэдэгдсэн. Ямар зөвшилцөл байж болох вэ?

-Энэ улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Ийм цаг үед энэ парла­ментад сууж байгаа намууд зөвшилцөж таарах байх. Яриа хөөрөө гарах байх.

Ж.БАТЗАНДАН: НЭГ ДАРГЫН ХЭЛСНЭЭР НАМААС ХӨӨГДӨХГҮЙ

-Ерөнхий сайдыг огц­руул­лаа. Эндээс АН-ын хагарал эхэллээ гэж дүгнэх нь ч байна. Улс төр хэзээ цэгцрэх бол?

-Дараагийн Засгийн газар бай­гуулагдана. Шинэ Засгийн газар, шинэ сорилтуудыг шийдвэрлээд явна. Монголын төрийн бод­­ло­го үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ бол жирийн үзэгдэл.

-Дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ. Засгийн газарт аль нам хамтрах бол гээд асуулт бий?

-Засгийн газрыг байгуулах эрх нь парламентын олонхид байгаа. Олон суудалтай намын гишүүд хэнээр тэргүүлүүлсэн ямар хэлбэрийн Засгийн газар байх вэ гэдгийг шийднэ. Богино хугацаанд дараагийн Зас­гийн газрыг байгуулаад ажил­луулах ёстой гэж харж байна.

-Чуулганд ирээгүй, Ерөн­хий сайдыг огцруу­лахыг дэмж­сэн 15 хүн намын­хаа дай­­сан болж тодотгогдож байна?

-Д.Эрдэнэбатын хэлснээр ажил, амьдрал явахгүй. Бүх асуудал Үндсэн хуулийн дагуу явна. Үндсэн хуульд УИХ-ын 19-өөс дээш гишүүн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьж болно гэсэн заалт бий. Энэ дагуу асуудал явж байгаа. Хэн нэгэн даргын үгээр бус хуулийн дагуу явна.

-Та нарыг АН-аас хөөнө гэдэг асуудал яригдаж эхэллээ?

-Намаас хөөнө гэдэг ойл­голт зөвхөн коммунист намд бай­даг. АН, МАН бол орчин үеийн нам болж төлөв­ших ёстой. Гишүүнээ намаасаа хөөдөг хоцрогдсон заалтуудаа авч хаях ёстой. Нэг даргын хэлснээр намаас хөөгддөг юм байхгүй.

-Энэ засгийг унагалцсан хүмүүст одоо байгуулагдах Засгийн газарт суудал өгөх тохироо хийгдсэн үү?

-Энэ тухай ярихад эрт байна.

-Та Засгийн газарт ажил­лах хүсэлтээ өгөх үү?

-Одоогоор надад тийм санал ирээгүй. Би тийм санал тавиагүй байна.

Я.МӨНГӨН

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *