Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга З.Энхболд Польшийн Элчин сайдыг хүлээж авав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.16/ Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улс-Бүгд Найрамдах Польш Улс хоорондын улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Үүнд хоёр орны парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглээд, 2015 оны 03 дугаар сард Польш Улсад албан ёсны айлчлал хийсэн талаараа дурдлаа. Тэрээр “Манай улсын гуравдагч хөрш болох Европын холбооны гишүүн Польш Улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаад баяртай байна” гэлээ.

Элчин сайд Михал Лабенда, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, энэ онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон сонгуулиудын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын улс төр, эдийн засаг, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. Улсын Их Хурлын дарга хоёр улс боловсролын салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, монголын оюутан, залуусыг тус улсад суралцахад Польш Улсын Засгийн газрын зүгээс бодит дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн, Европ дахь Монгол судлалын томоохон төв болох Варшавын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хүслээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *