Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн анхны хичээлийг заалаа

Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уг хөтөлбөрийг УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, “People in Need” олон улсын ТББ хамтран хэрэгжүүлж байгаа юм.

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа хөтөлбөрийг нээж үг хэлэхлээ, “Ардчилсан нийгэмд эрүүл энх, эрх тэгш хөгжин дэвжиж сайн сайхан амьдрахад иргэдийн идэвх оролцоо хамгаас чухал байдаг. Дэлхийн улс орнууд үүнийг хүүхэд залуусаас нь эхлүүлээд олон төрлийн хөтөлбөрөөр дэмждэг. Үүнтэй адилаар өнөөдөр бид залгамж халаа болсон өсвөр үеийнхэнийгээ шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, дэмжих, идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх, мөн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэхийн төлөө хамтрах, оролцоог хангах зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг эхлүүлж байна” гэв.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ. Энэ удаагийн хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бол удаад нь НҮБ-ын Суурин төлөөлөгчтэй хамтран хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаар сургалт зохион байгуулах аж.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон нийслэлийн хүүхдүүд агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг түлхүү хөндөж байсан бол орон нутгийн хүүхдүүд булаг, шандаа хамгаалах, цөлжилттэй тэмцэх, мод тарих шаардлагын талаар, уг асуудалд шийдвэр гаргачид огт анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилж, өөрсдийн зүгээс ямар оролцоотой байж болох талаар асуудал дэвшүүлж байсан гэдгийг тэрбээр тэмдэглэв.

Хөтөлбөрийн нийт оролцогчид олон төрлийн сургалтад хамрагдахын зэрэгцээ баг болж, хамтран, хөтөлбөрийн зохион байгуулагчид болон мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэх юм байна. Х.Булгантуяа гишүүн “УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргын хувиар, Монгол Улсыг шинэчлэн өөрчлөх өсвөр үеийнхэний санал шийдэл, санаачилгыг хүлээн авахад бид бэлэн байна. УИХ, түүний Байнгын болон Дэд хороод, Засгийн газрын үүд хаалга 1.1 сая монгол хүүхдийн өмнө нээлттэй байна” хэмээлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра үг хэлсэн юм. Хүүхэд, залуу хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн конвенцоор энэхүү эрхийг баталгаажуулсан байдгийг тэрбээр дурдав. Тодруулбал, Монгол Улсын төр засаг хүүхдүүдийн амьдралд нөлөөлж буй аливаа шийдвэр гаргалтад хүүхдүүдийн оролцоог хангах, шийдвэр гаргалтад нөлөөлөх орон зайг бүрдүүлэх, боломжоор хангах үүрэгтэй хэмээн тайлбарласан. НҮБ-ын Хүүхдийн сан энэ чиглэлээр зарим аймагт хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн хүүхэд, залуус орон нутгийнхаа шийдвэр гаргах үйл явцад аль хэдийнэ оролцоод эхэлсэн байгааг ноён Тапан Мишра энэ үеэр дуулгасан.

“Өсвөрийн Парламент” байгуулсан нь хүүхдийн оролцоог үндэсний түвшинд хангах нэгэн чухал алхам болно гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлээд “Хөтөлбөрт оролцогчид ангийнхан, найз нөхөд, үе тэнгийнхэнийхээ, улс орныхоо өнцөг булан бүрд байгаа хүүхэд нэг бүрийн дуу хоолойг төлөөлөх болно. Энэ бол маш нэр хүндтэй хариуцлага. Тиймээс зоригтой байж, итгэлтэйгээр дуу хоолойгоо илэрхийл гэж миний зүгээс зөвлөх байна” гэв.

Ноён Тапан Мишра, “Өсвөрийн Парламент” нь хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан, үзэл бодлыг нь бүрэн ойлгох хэрэгцээ, харилцан хүндэтгэл дээр суурилсан насанд хүрэгчид-хүүхдийн хооронд мэдээлэл солилцох, ойлголцох гүүр гэдгийг онцлоод УИХ-ын гишүүд, нийт шийдвэр гаргагчдад хандан “Хүүхэд залуусыг анхааралтай сонсоорой, тэд бол бидний ирээдүй юм шүү” хэмээн уриалав. Мөн тэрбээр хөтөлбөрийн оролцогчдыг харилцан хүндэтгэлтэй, эрч хүчтэйгээр оролцож, бие биенээ сонсохыг уриалж “Энэ хөтөлбөр нь дэлхий нийтэд шийдвэр гаргагчид, хүүхэд залуусын хамтын ажиллагааны амжилттай жишээ болтлоо өргөжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлж танхимаар оролцож буй нийслэлийн Хан-Уул дүүргийн төлөөлөл, “Шинэ Монгол” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Наранцацралт, цахимаар оролцож буй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч М.Хүслэн нар мөн үг хэлж, нийт оролцогчдодоо амжилт хүслээ.

Хөтөлбөрийн нээлтийн дараа “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхэд нэг бүрийг танилцуулав. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг улс орон даяар 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд нээлттэй зохион байгуулсан бөгөөд нийт 1000 гаруй хүсэлтээс 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 76 хүүхдийг шалгаруулсан байна. Мөн хүүхдийн оролцооны улсын хэмжээний байгууллагуудын төлөөлөл 14 хүүхдийн хамт нийт 90 оролцогчтойгоор “Өсвөрийн Парламент” хөтөлбөр эхэлж байна.

Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөөлөлтэй уулзаж, ардчилал, хүний эрхийн боловсролыг хүүхэд ахуй цагаас нь олгох, бүтээлч сэтгэхүйтэй, хүчирхэг монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой парламентын боловсрол хөтөлбөрийн анхны хичээлийг зааж байгаадаа баяртай байгаагаа УИХ-ын дарга хэллээ. Хүний эрхийн талаарх үзэл бодлоо илэрхийлсэн хөтөлбөрийн оролцогчдын видео бичлэгээр түүний хичээл эхэллээ. Хүний эрхийн талаар хүүхдүүдийн хэлж байгаа бүхнийг нийт монголчууд нийгмийн гэрээ болох Үндсэн хуульдаа “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн. Энд дурдагдаж буй, монголчуудын байгуулахаар зорьж буй “ардчилсан нийгэм”-ийн талаарх суурь ойлголтыг тэрбээр тайлбарлаж өгсөн юм. Үргэлжлүүлэн тэрбээр хүний эрхийн талаар, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар, Монгол Улсад хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийсэн юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт тусгагдсан иргэн бүрийн баталгаатай эдлэх 18 эрхийн талаар нэгбүрчлэн тайлбарлаж, харилцан ярилцав. Хичээлийн төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, хүн эрхээ баталгаатай эдлэх ёстой ч, тэрхүү эрх нь өөр нэгний эрхээр хязгаарлагддаг гэдгийг цохон тэмдэглэв. Хүний эрхийн суурь бол бие биенээ хайрлан, хүндэтгэдэг байх гэдгийг тэрбээр сануулж “Нэг нэгнээ, эх дэлхийгээ хайрлаж, хүний эрхийг хүндэтгэе” хэмээн уриалаад хүүхэд залууст сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *