Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байна.
2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн энэхүү айлчлалын хүрээнд Сан Франсиско хотноо Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.
Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд Монголын парламентын тэргүүн, төлөөлөгчидтэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Ази дахь сангийнхаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, мөн сангийнхаа үйл ажиллагааг дэмжигч, хандивлагч орнуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа тухайгаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Азийн сан нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, авилгыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах болон хүйсийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 1993 онд Улаанбаатар хотод салбараа нээж байсан Азийн сан нь дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт ажилласаар иржээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Х.Булгантуяа, Ж.Мөнхбат, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Азийн сангийн Хөтөлбөр хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Гордон Хейн, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ами Овалле болон бусад албаны хүмүүс байлцаж, талууд Монголын ардчиллын ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлууд зэрэг өргөн хүрээнд яриа өрнүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв