Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.03.15/ мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов.
Дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармагийг нээж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, “CeBIT-2015” үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Ма Кай, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ХБНГУ-ын Канцлер А.Меркель болон хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээллийн технологийн салбарын ололт дэвшлийг танилцуулах талбар болсон “CeBIT-2015” үзэсгэлэн 2015 оны 03 дугаар сарын 15-20нд зохиогдож буй бөгөөд гол түншээр БНХАУ оролцож байна. Иймээс бид БНХАУ-ын зарим хоттой түншийн харилцаа тогтоолоо. Манай муж улс бол бүхий л салбарын бодит үсрэнгүй хөгжлийг хангаж, амьдралын чанарыг нэмэгдүүлж буй муж улс мөн. Манай Ханновер хотод гадаадын 100 мянган иргэн амьдарч байна. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ эрин үед дэлхийн олон орноос энэ танхимд хүрэлцэн ирсэн та бид технологийн хөгжлийг ашиглан уулзаж ярилцаж болох хэдий ч биечлэн уулзах нь хамгаас чухал гэдгийг онцлон хэлье. Та бүхэн Ханноверт хүрэлцэн ирж, “CeBIT-2015” үзэсгэлэнд оролцож буйд баяртай байна гэсэн юм.
Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн, үг хэллээ. Канцлер А.Меркель, Даяаршил болон дижиталчилал хоорондоо уялдаа холбоотойгоор хөгжиж байна. Дижиталчилал нь шууд эдийн засагтай холбогдож, ирээдүйн эдийн засгийн дэвшлийг тодорхойлоход ихээр нөлөөлж байна. Өрсөлдөөн ихтэй энэхүү орон зайд “CeBIT” өөрийн хувь нэмрээ оруулсаар ирснийг онцлох хэрэгтэй. Энэхүү үзэсгэлэнг хамтран зохион байгуулцаж буй ХБНГУ болон БНХАУ нь өөрсдийн онцлогийг багтаасан дэвшилтэт олон талуудтай. ХБНГУ бодлогын хэмжээнд дижиталчлалын хөгжлийг дэмжих ёстой, хууль эрхзүйн орчныг хөгжүүлэхэд саад болж буй бэрхшээлийг арилгах хэрэгтэй гэж үзэж байна. ХБНГУ бол зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж чаддаг, түүнийгээ ч түгээж чаддаг. Бид дижитал хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Шинэ шинэ дижитал шийдлүүд хүмүүсийн итгэлийг олох хэрэгтэй бөгөөд бид тасралтгүй судалгаа шинжилгээ хийж байх хэрэгтэй. Бид интернетийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг боловсруулж байна. Энэ нь зөвхөн ХБНГУ-д төдийгүй Европын холбооны улсуудын хэмжээнд ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
“CeBIT-2015” үзэсгэлэн яармагийн үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэхүү үзэсгэлэн яармагт оролцож байгаад талархал илэрхийллээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотноо жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн нь 1986 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.