Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байгаа билээ. Тиймээс УИХ-ын дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Тэрбээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцлоо. Мөн УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарих арга хэмжээнд оролцож нийт 200 гаруй мод суулгалаа.
УИХ-ын дарга З.Энхболд мод тарих арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Манай улс мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш улсын хэмжээнд 34 мянга гаруй аж ахуй нэгж, 800 гаруй мянган иргэн, долоон сая ширхэг мод тариад байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувийг ой эзэлдэг.
Тиймээс бид бүх нийтээрээ моджуулах ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй байна. Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцож байгааг онцлон хэлмээр байна” гэв.
Энэхүү мод тарих арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн Боловсролын газрын ажилтнууд оролцлоо.