Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Image result for УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.20 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга пүрэв, баасан гарагт чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Энэ үеэр М.Билэгт гишүүн, “Эмч, сувилагч, багш нар иргэдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг болохоос цалин хөлсний төлөө ажилладаггүй. Гэвч МҮЭХ нийгмийн хамгийн эмзэг салбаруудын ажилтнуудыг ажил хаялтад уриалж байна. Эмнэлгийн байгууллага ажил хаялт зарласан тохиолдолд иргэд хохирно. Эрүүл мэндийн салбар жилд үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлийн болон бусад татвараар жилд ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөг төлдөг. Энэ мөнгөөр эмч нарын цалинг нэмэх бүрэн боломжтой” гэлээ.

УИХ-ын чуулганаар нийгмийн хүлээлт үүсгээд буй олон асуудлыг хэлэлцэж шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ. Тэрбээр Цахим бодлогын түр хороо, Хүний эрхийн дэд хороог байгуулах асуудлыг шуурхайлах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Б.Пүрэвдорж гишүүн Ерөнхийлөгчөөс ирүүлсэн АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг Хууль зүйн байнгын хороо буцаах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэдгийг дурьдлаа. Тэрбээр АТГ-ын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өгөх хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зохион байгуулсан жагсаал, цуглаанаар тавьсан шаардлагыг хүлээж авсан гэдгээ УИХ-ын дарга М.Энхболд дурьдаад, “МҮЭХ-ноос ирүүлсэн шаардлагыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахыг Нийгмийн бодлого, байнгын хорооны гишүүдэд сануулсан. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд олонхоороо буцаах шийдвэр гаргасан. Үүний дагуу би Ерөнхийлөгчид албан ёсны хариу өгнө” гэлээ.

Ийнхүү чуулганаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *