Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Өрх бүр 2024 оноос Угийн бичиг хөтөлдөг болох саналыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төсөл 2 заалт, 7 дэд заалттай бөгөөд монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан уг тогтоолыг баталснаар өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас хэд хэдэн санал боловсруулсан байна. Тухайлбал, монгол хүний удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаар хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэхийг холбогдох албаныханд даалгах санал гаргасан байна. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалт, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлийг дэмжих зэргийг тусгажээ. Түүнчлэн Угийн бичгийг айл өрх бүр хөтөлдөг болох ажлыг орон даяар 2024 онд багтаан зохион байгуулах заалт тусгасан байна.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Монгол Улс ургийн гажгийг молекул генетикийн түвшинд оношилдог болох шаардлагатай гэдгийг онцлов. Тэрбээр өндөр хөгжилтэй орнууд үүнийг эрт оношилдог болсон гэдгийг дурдсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Дэлхий нийт гэрлэхэд нь тухайн хосоос ургийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй эсэхийг үздэг болсон. Мөн хүний ууж буй эм хэрхэн үйлчлэхийг молекул генетикийн түвшинд тодорхойлдог болсон. Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхийн тулд генетикийн том лаборатори байгуулахаар заалт оруулсан” хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Монгол хүний удмын сан, гентэй холбоотой ярих асуудал цаг болсон. Өвчлөлийг генийн түвшинд судлахгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Тухайлбал, 10 мянган жирэмслэлт тутамд 1200 амьгүй ураг бүртгэгдсэн. Бага насны хүүхдийн тархины хорт хавдрууд зэрэг анхаарах асуудал олон байна” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Удмын санд нөлөөлдөг хамгийн чухал зүйл нь хоол хүнс. Монгол Улсад хүнсний аюулгүй байдал хангалтгүй байна. Гаднаас орж ирж буй бүтээгдэхүүн шаардлага хангахгүй байгааг Мэргэжлийн хяналтынхантай уулзаж байхад хэлж байсан. Жимс ногоо маш хяналт муутай орж ирж байна. Генийн өөрчлөлттэй хүнс Монголд чөлөөтэй орж ирдэг. ОХУ генийн өөрчлөлттэй хүнсийг худалдаалбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгалаа” гэв.

Ийнхүү ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганаар “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонсож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *