Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны ирц бүрдээгүйгээс товлосон хугацаанаасаа хагас цагийн дараа эхэлж байна.

Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: “Ёсзүйн дэд хорооны ирц бүрдэхгүй байна. Б.Наранхүү нарын гишүүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Ёсзүйн дэд хороонд Засгийн газрын хэд хэдэн сайдууд байна. Би ганцаараа мэдээд, хуралдаан зарлан хуралдуулж болохгүй байна. “Бид уучлахгүй” гэдэг хөдөлгөөнөөс албан ёсоор бичиг ирсэн. Шаардлагыг хүлээж авсан. Цаг хугацаатай хариу шаардаж байгаа. Гэтэл Ёсзүйн дэд хороо гишүүдийн хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг хэлэлцэхэд нэлээн хугацаа шаардагдана. УИХ-ын 3 гишүүний хөрөнгө орлого үндэслэлгүйгээр нэмэгдсэнтэй холбоотой асуудал тавьсан. УИХ-ын гишүүд иргэний хөдөлгөөнүүдийг зохион байгуулалттай гүтгэж байна гээд тайлбар ирүүлсэн байгаа гэсэн горимын саналаа гаргалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Ёсзүйн дэд хороог хуралдах үүрэг өгсөн. Ирцээ бүрдүүлж хуралдах хэрэгтэй” хэмээсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзоригийг танилцуулгыг хийв.

Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн эрхийг хүчээр авах гэдэгт юу хамаарах вэ? Бүх Засаг дарга нар Монгол цэргийн холбоонд ороод байгаа нь хуулийн дагуу юу? Нөгөө талаас фронт байгуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын тэргүүн нь үүнд холбоотой байна. Төрийн ордонд хүртэл цэргүүдийг авчирч байна.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл холбооны ард байхгүй. Үндсэн хуулийн 10 дугаарт Эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу төрийн бус байгуулах нь нээлттэй. Цэргээс халагдсан улс төрийн бус байгууллага байгуулж болно. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй учир хариулах боломжгүй байна.

ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзориг: Төрийн эрхзүйн хүрээнд төрийн эрх нэгдмэл байна гэсэн хуулийн хүрээнд явагддаг. Төрийн бус байгууллагын асуудал төрийн цэргийн хуулинд хамаарахгүй. Батлах хамгаалахын хуулинд эх оронч үзлийг төлөвшүүлэх дээр байх анхаарах хэрэгтэй гэж заасан байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: н.Ганбат гэдэг хүн ЗХЖШ-д ажиллаж байгаад 10-аад жилийн өмнө гараад хувийн компанид ажиллаж байгаад дахиад даргаар нь томилогдсон. Гэтэл жил хүрэхгүйн хугацаанд буцаад чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна. ЗХЖШ гэдэг тоглоомын газар биш. Цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлнэ. Гадуур явж байсан хүнийг яагаад томилсон юм. Яагаад зэвсэгт хүчний байгууллагаар тоглоод байгаа юм. Цаашид битгий ийм зүйл болоосой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өмнөх н.Ганбат гэж генерал 4 хууль зөрчиж томилогдсон. Тийм учраас би ҮХЦ-д өгөх гэж байсан. Үүнийг сонсчихоод чөлөөлөгдөх шиг боллоо. Өнөөдрийн Д.Ганзориг генерал цэргийн бүх шатанд ажилласан, бүх зүйлийг туулаад гарсан, цэргийн зовлонгоо мэдэх хүн. Залуу үе батлан хамгаалах салбарыг аваад явах цаг нь ирж байна. Орчин үеийн цэрэг техникийн боловсролыг бусад оронд эзэмшсэн үе ирж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *