Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцаачихлаа, одоо цаашид ямар үйл явдал хөврөх вэ?

УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авах шийдвэр гаргасан үйл явдал ойрхны халуун сэдэв болж байна. Оросын талын 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдаж авсан, “Эрдэнэт” 100 хувь Монголынх боллоо гэх мэт мэдээлэл хэвлэлээр улиг болтлоо хөвөрсөн учраас элдвийг нуршаад яахав. Ямартай ч монголчууд “Ростех”-тэй хэлэлцээ хийж байгаад аваад ирсэн нь үнэн. “Ростех” гэдэг нь цаад утгаараа Путин ба түүний нөхөд гэдэг нь бас үнэн. Тэд залуу захиралтай “Монголын зэс” корпорацид хувьцаагаа зарчихсан нь мөн л үнэн.

Ц.Нямдорж гишүүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг сөхсөн цагаас хойш “Монголын зэс” гэдэг корпорацийн нэр тийм ч хүчтэй дуулдаагүй өнөөг хүрсэн. Харин Худалдаа хөгжлийн банк ба эсэргүүцсэн улстөрчид гэсэн хоёр тал хүчтэй үзэлцэх шиг боллоо. Үр дүнд нь гэх үү, маргааны явцад гэх үү, улстөрчдийн “Эрдэнэт”-д хийсээр ирсэн он жилүүдийн айхавтар шахаа олонд ил болоодохлоо. 49 хувийг худалдаж авсан хэсгийнхний ачаар улстөрчдийн шахаа ба “Эрдэнэт” гэсэн сэдэв хүчтэй сөхөгдсөн нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн улстөржилтийн олзуурхам тал болчих шиг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах ёстой гэсэн улстөрчдийн салхийг хагалсан Ц.Нямдорж гишүүн хүртэл танилдаа захиж байж хүүдээ тендер авч өгсөн, хүү нь “Эрдэнэт”-тэй хэдэн тэрбумын худалдаа хийснийг хүлээн зөвшөөрсөн. Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд судлаач, шинжээч, учир мэдэх улс “Эрдэнэт”-ийн 49 хувийг компаниас төрд очоод шахааны үүр хэвээр байна гэдэг дээр толгой дохиж, энэ үйлдвэрийн хувьцааг хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах талаар дуугарч эхэлсэнд Ц.Нямдоржийн хүүгийн наймаа баталгаажсан явдал жин дарахаар нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой.

“Эрдэнэт”-ийн Оросоос ирсэн 49 хувийг төр авах ёстой гэсэн улстөрчид ч олны анхааралд төдийлөн ороогүй өнцгийг гаргаад ирсэн юм. Тэд Худалдаа хөгжлийн банкийг Засгийн газартай хуйвалдаж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар мөнгө хэвлүүлэн байж уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх мэдээллийг цацаад байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь төрд ирчихээд байгаа гол буруутгал, шалтгаан нь ерөөсөө энэ. Ц.Нямдорж гишүүн “Эрдэнэт”-ийн 49 хувийг үйлдвэрийн өөрийнх нь мөнгөөр авсан гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Худалдаа хөгжлийн банк хувь худалдаж авах зорилгоор Төв банкнаас 500 тэрбум төгрөгийг зах зээлд эргэлддэг мөнгөнөөс тусад нь хэвлүүлсэн” гэсэн мэдэгдэл хийсэн. Нөгөө талаас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Бүх мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр босгосон учраас “Эрдэнэт”-д гадны ямар нэг оролцоо байхгүй. Бид цэвэр зээлийн эх үүсвэрүүдийг босгож өгсөн. Бид өнөөдрийн байдлаар 1.1 их наядын Засгийн газрын бонд эзэмшиж байна. Банкны нийт активын 30 орчим хувьд Засгийн газар, Монголбанкинд байршдаг зээл байгаа. Банк улсаас мөнгө авсан биш, Засгийн газар, Монголбанк бидэнд өртэй” гэсэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд “Монгол Улсын Засгийн газрын эх үүсвэртэй нэг ч төгрөг энэ гүйлгээнд оролцоогүй. Ямар нэгэн но-той, хожим нь ороогдож болох зүйл байна уу гэдгийг би асууж байсан. Ямар ч тийм зүйл байгаагүй болохоор би орсон” гэж мэдэгдсэн юм.

Асуудал нэг мөр болоогүй байгаа учраас хоёр талын байр суурийг зөв, буруу гэж шүүхээ азная. Цаад, наад утга учрыг нь ч энэ удаад алгасаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцааж авах ёстой гэсэн УИХ-ын шийдвэрийн дараа ямар үйл явдал өрнөх вэ гэдэг асуултад хариу хайя.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Монголд мөнгөө хийх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд “Эрдэнэт” дээр гаргасан парламентын шийдвэр тийм ч таатай санагдаагүйг шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө болсон Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтын үеэр өрнөсөн асуулт хариултаас анзаарчихаж болно. УИХ-ын дарга урилгаар оролцсон тэр хурлын дундуур гадны хоёр бизнесмэн яг энэ сэдвээр М.Энхболдын байр суурийг сонирхсон юм. Тэдний асуултаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр нь хувийн компаниасаа хураагаад авахгүй байлгүй дээ гэсэн итгэж ядсан өнгө аяс цухалзаж байсныг энэ дашрамд дурдъя. Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулагчид Оросын талын эзэмшиж байсан хувийг хувийн компани нь худалдаад аваад ирсэн чинь төр нь булаагаад авчихлаа гэж харж суугаа. Зах зээл нь жамаараа урагшилж буй улсын бизнесүүдийн хувьд ингэж харахаас аргагүй. Наад цаад шалтгаан, дотоодын элдэв тайлбар, хөшигний арын яриа хөөрөө тэдний хувьд гуч, дөчдүгээр асуудал. Хувийн компанийнхаа гадны компанитай хэлэлцээ хийгээд аваад ирсэн наймааг төр нь булаалаа гэсэн факт дээр л фокуслана. Мэдээж тэдний “Мөнгөө хийвэл яах бол” гэсэн эргэлзээний хариу явцын дунд тодорхой болох байх. Хоёр талын эсрэг тэсрэг мэдээллийн аль нь зөв бэ гэдгээс, “Эрдэнэт” тойрсон үйл явдлаас Монгол руу урсах хөрөнгө оруулалтын хэмжээ хамаарна гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

ТӨРИЙНХ ҮҮ, “РОСТЕХ”-ЫНХ УУ?

“Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорациас авчихаар хаана очих вэ гэсэн асуулт тавигдаж мэдэх юм. “Эрдэнэт” 100 хувь төрд ирэх үү, 49 хувиа зарсан “Ростех”-д буцаад очих уу гэсэн асуулт “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар шийдвэр гарахын өмнө “Худалдан авалтын гэрээг хүчингүй болговол “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголын Засгийн газарт бус, “Ростех” корпорацид буцаж очно. Бас манай компанийн хувь худалдаж авсан 400 сая ам.доллар бий. Гуравдагч этгээдэд шилжүүлбэл 100 сая ам.долларын торгуулийг Засгийн газар төлнө. Үүнээс гадна зээлийн санхүүжилтийн зардал, олон улсын хуулийн компани ажиллуулсан зардал, ирээдүйд олох байсан ашиг гэх мэт төлбөрийг нэхэмжлэхээс аргагүй болно” гэж хэлсэн удаатай. Тэгэхээр “Монголын зэс”-ээс буцсан 49 хувь “Ростех”-ынх үү, Монголын төрийнх үү гэдэг асуултын хариу тойрсон үйл явдал ирэх өдрүүдэд өрнөж таарна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахаар “Монголын зэс”-ээс гадна Хятад, Казахстан, ОХУ-ын тав, зургаан компани “Ростех”-д санал тавьсан гэх мэдээлэл ч бий. Эдгээр компаниудад хэлэлцээрийг хүчингүй болгох сонирхол байсан гэх сэжиг таамаг ч саяын дуулианы үеэр чих дэлсээд өнгөрсөн. Ямартай ч Оросын талаас тодорхой шахалт, алхмууд хийгээд эхлэх байх. Яг ямар үйл явдал өрнөхийг одоогоор хэлэхэд эрт байна.

АРБИТР

Хувийн компанийн тухайд худалдаад авчихсан, худалдчихсан хувьцааг нь аль нэг улсын төр шийдвэр гаргаад авчихвал эрхээ хамгаалуулах эцсийн зогсоол нь арбитр болно. Эзэмшлийн хувиа худалдсан “Ростех”-ийн зүгээс арбитрт хандахаа мэдэгдчихсэн гэх мэдээлэл хөвөрч байна. Шийдвэр гарахын өмнө “Ростех”-ын Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд “Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх магадлалтай. Хэлцэл байгуулах тухай шийдвэрийг хоёр улсын Засгийн газраас гаргасныг харгалзан, Монгол Улс ОХУ-ын нэр хүндэд хохирол учруулж болзошгүй. Иймд манай хоёр улсын сайн хөршийн харилцааг үндэслэн цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх ирээдүйтэй байгаа зэргийг харгалзан, дээр дурдсан мэдээллийг анхааралдаа авахыг танаас хичээнгүйлэн хүсч байна” гэсэн үг өгүүлбэр дурайж байгаа. Арбитраас гадна хоёр улсын харилцаа тойрсон асуудал ч өрнөж мэдэх нь гэсэн гаргалгааг эндээс төвөггүй хийчихэж болж байна. “Монголын зэс” корпорацийн зүгээс хийсэн мэдэгдэл одоогоор алга. Эхний ээлжинд шүүхэд хандах болов уу. Шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаарч арбитрт очих үгүй нь шийдэгдэх байх. Арбитрт очвол байдал яаж эргэхийг таамаглаж хэлэхэд эрт байна. Гэхдээ “Хан ресурс” лицензийг нь хурааж авсан Монголын Засгийн газартай шүүхдэлцээд ялагдангуутаа арбитрт очоод биднийг ялсан жишээ бий. Саяхных гэвэл “Эрдэнэт”-ийг өрөнд унагасан “Жаст”-ын жишээ байна.

ХУВЬЦАА

Улстөрчдийн “Эрдэнэт” рүү хийсэн шахааны талаар ой тойнд буумгүй өндөр тоонууд нисэлдсэн өдрүүдийн дараа төр ганцаараа энэ үйлдвэрт эзэн суувал иргэд, төрийн бус байгууллага, салбарынхан, мэргэжлийнхний зүгээс багагүй шахалтад өртөх нь тодорхой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпорацийн зүгээс ч зүгээр суухгүй нь лав. Өнгөрсөн жилүүдийн шахаануудын үүх түүхийг өнгө будагтай нь дэлгээд тавьчих байх.

Ачир дээрээ “Эрдэнэт” 100 хувь төрийн мэдэлд очоод иргэдэд наалдах өгөөж ашиг нь бага гэдгийг өнгөрсөн он жилүүдийн шахааны түүх нотолно. 49 хувьд нь Оросын хяналт байсан үед тэгтлээ туйлцгааж байсан улс ямар ч хараа хяналтгүй болчихвол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь хэнд ч ойлгомжтой. Хувийн компанид “Эрдэнэт”-ийн 49 хувь байлаа ч ард түмэнд ирэх ашиг өгөөж мөн л бага. Харин иргэдэд өгөөжөө өгөхөөр нэг гарц бий. Судлаачид, улстөрчид ч эхнээсээ “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр иргэд, компаниудад нээлттэйгээр арилжъя гэж дуугараад эхэллээ. “Эрдэнэт”-ийн хувийг чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэхэд л “Саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үеийн үед улстөрчдийн томилгоо, шахаа хийдэг, улс төрийн намууд амьдардаг, улсын нэртэй олон түмнээс хөндий өмч явж ирсэн. Төр авснаар асуудал шийдэгдэхгүй. Төрд ирсэн ч тэр, улс төрийн зохион байгуулалттайгаар Худалдаа хөгжлийн банк авсан ч ард түмэн хожихгүй. “Эрдэнэт”-ийг ард түмний саалийн үнээ болгох хэрэгтэй. Ямар ч шийдвэр гарсан “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа Монголын ард түмэн, аж ахуйн нэгжид нээлттэйгээр арилжаалагдах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийн тодорхой хувийг арилжаална гэсэн байр сууриудыг анзаарахад голдуу 10, 20 гэх мэт тоонууд дуулдаж байна. Улстөрчдийн шахаанд хяналт тавьж, “Эрдэнэт”-ийн өгөөжийг хүртье гэвэл “Монголын зэс”-ээс буцсан 49 хувийг тэр чигт нь Хөрөнгийн биржээр арилжаалбал үр дүнтэй арга болж мэдэх юм. Таван толгойн хувьцаа ид яригдаж байх үед төчнөөн хувийг нь аж ахуйн нэгжүүдэд, төчнөөнийг нь иргэдэд арилжаална гэх хувилбар дуулдаж байсан даа. Тэр жишгийг “Эрдэнэт” дээр хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Мөнгөтэй компани, иргэддээ худалдаж авах боломж, бололцоог нь нээгээд өгчих хэрэгтэй. Иргэдийн хадгаламж гэж долоогоос есөн их наяд төгрөг банкинд байршиж байгаа гэсэн статистик дуулддаг. Ашиглагдахгүй хэвтэж байгаа тэр мөнгөний нэг хэсэг “Эрдэнэт”-ийн хувьцааны арилжаанд ороод ирвэл төсөв улайдаж, өрөө төлж чадахгүй тэвдэж байгаа төрд цагаа олсон шийдэл болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцаачихлаа, одоо цаашид ямар үйл явдал хөврөх вэ? нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:”Ийм хариуцлагатай үед Засгийн газарт ая тал засч болохгүй” ярилцлага нийтлэгдлээ. “Эрдэнэт” үйлдвэрийг төр 100 хувь авлаа гээд сайн үр дүн гарахгүй хэмээн тэрээр ярьжээ.

Сар шинэ болох гэж буйтай холбогдуулан хүмүүсийн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн болох ууцны үнэ ханшийн талаар сурвалжлагыг нэгдүгээр нүүрээс сонирхоорой. Ууцны үнэ 100-400 мянган төгрөгийн ханштай байгаа гэнэ шүү.

Мөн өнөөдрийн дугаарын улс төрийн 4-р нүүрт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй хийсэн “харвони” эмийн түгээлтийн талаар хэтэрхий улстөржүүлж байгаад харамсч байгаа талаарх ярилцлагыг уншаарай. Тэрээр энэ эмийг өөрөө захиалан оруулж ирсэн гэсэн шүү.

Баримт, үйл явдлын 7-р нүүрэнд өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа нэг өдрийн мөнгө хүүлэгчдийн луйврын талаар баримттай өгүүлжээ. Одоогоор энэхүү зээлийг авч хохироод байгаа 300 мянга гаруй өрх байгаа гэсэн тоо баримт байна. Эдгээр өрхийн цаана дорж хаяж дөрвөн хүн байна гэхээр сая хоёр зуун мянган иргэн ядуусын эгнээнд ороход бэлэн болчихсон байна гэсэн үг юм. Энэхүү авахад сайхан ч буцаагаад төлөхөд авснаасаа илүү их хүү төлдөг зээлийн талаар өнөөдрийн дугаараас уншаарай.

Шарын шашин Монголд дэлгэрсний үр нөлөөний талаар судлаач, профессор Д.Чулуунжавын бэлтгэсэн нийтлэлийн хоёрдугаар хэсгийг өнөөдрийн дугаараас унших боломжтой юм.

Л.Саруултөгсийн “Уншиж дуусгаагүй байхдаа л гэрээ эмхлээд эхэлдэг нь энэ номын хамгийн сайхан нь” ярилцлагыг 13-р нүүрээс сонирхон уншаарай. Тэрээр цэгцлэх “урлаг”-ийн алдартай мэргэжилтэн Мари Кондогийн бичсэн номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *