Categories
мэдээ нийгэм

Угсармал барилгын эрин үе буюу “Weiler” брэндийн үйлдвэр нээгджээ

-БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ӨВӨЛ Ч ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-

Барилгын салбарт их бүтээн байгуулалт авчрах төмөр бетон хана хийцийн “Weiler” үйлдвэр нээлтээ хийлээ. Тус үйлдвэрийг “Гранд байшин” ХХКБарилга хот байгуулалтын яамны “Барилга орон сууцны үнийг тогтворжуулах” бодлогын хүрээнд Монгол банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын банкаар дамжуулан санхүүжүүлж барьсан юм байна. Ингэснээр манай улсын барилгын салбар эрчимтэй хөгжих юм. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг хүйтний улиралд зогсоодог үе өнгөрөх нь ээ. Учир нь жилийн дөрвөн улиралд, цаг агаарын ямар ч нөхцөлд барилгын ажил явуулах боломжтой болж байгаа аж.”Weiler” үйлдвэр нь угсармал бетон ханын хавтан хийц эдлэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нэвтрүүлж орон сууцны үнийг тогтвортой барих, барилгын салбарт шинэ эрин үеийг бий болгох юм байна.

“Weiler” үйлдвэр нь жилд 200 мянган м2 барилгад шаардлагатай ханын болон бусад хавтангуудыг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Дээврийн болон давхар дундын хучилтын хавтан, гадна болон дотор ханын гулдмай хавтан, дам нуруу, багана, шат үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжтөй, бетон зуурмагийн үйлдвэртэй, олон улсын стандартад нийцсэн лабораторитой, бүрэн автоматжуулсан цогц үйлдвэр сүндэрлэн бослоо.

Тус үйлдвэр хүйтний улиралд ч барилга угсралтын ажил явагдах нөхцөлийг бүрдүүлснээр барилга угсралтын өртөгийг хамгийн багадаа 25 хувиар бууруулж хямд өртөгөөр чанартай барилга, орон сууцыг улирлын хамааралгүйгээр барих боломжийг олгож байгаа юм. Үйлдвэрийн хүчин чадал өдөрт 40 ширхэг хучилтын хавтан, 10 ширхэг гадна ханын даацын хавтан, 10 ширхэг дотор ханын хавтан, 16 ширхэг дам нуруу болон багана, хоёр ширхэг шат үйлдвэрлэх гэнэ.

Орчин үеийн иргэний болон үйлдвэрлэлийн барилга, эрчим хүч, зам, гүүрний барилга угсралтын материалын салбарт хүч түрэн орж ирж буй шинэ технологи бол бетон хавтангийн үйлдвэрлэл аж.Угсармал бетон хавтан ашиглан барилга барих нь маш хурдан технологи гэдгийг 1960-1980 оны сүүл хүртэлх 20 гаруйхан жилийн хугацаанд баригдсан хэдэн арван хорооллууд бодит жишээ болж батлан харуулснаар бидэнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Гэхдээ Орос технологийн барилгуудыг хүйтэн гэдэг ойлголт байдаг учраас угсармал барилга хүйтэн гэж ерөнхийд нь дүгнэх нь бий. Харин “Weiler” үйлдвэр нь энэ ойлголтоос ангид бөгөөд дулаан, дуу тусгаарлалт сайтай, чанартай, удаан эдэлгээтэй угсармал бетоныг үйлдвэрлэдэг аж.

Бүтээгдэхүүний чанарын болон хадгалах тээвэрлэх стандарт нь Монгол улсын MNS1070-2009, MNS3602-83, MNS5772-2011, MNS1008-82 чанарын стандартуудын шаардлагыг бүрэн хангасан “Weiler” компанийн тоног төхөөрөмжийг дэлхийн 32 улсад хэрэглэж байгаа аж. Уг технологиор Японд 68 давхар барилгыг барьж байжээ.

Үйлдвэрлэлийн хувьд бүрэн автомат технологитой учраас ажлын бүтээмж дээшлүүлж, хөдөлмөр зарцуулалтыг багасгаж байгаа аж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанарын хувьд евро стандартыг хангаж үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ газар хөдлөлтийн 7,8,9 баллын чичирхийлэлд тооцож үйлдвэрлэдэг байна. Бүтээгдэхүүнүүд нь дулаан алдалт бага, дуу тусгаарлах чанараар толгой цохидог аж. Иргэний ба үйлдвэрлэлийн барилга угсралтын салбараас гадна эрчим хүч, зам гүүрийн барилгад шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой юм билээ. Мөн зах зээл, хэрэглэгчийн хүсэлтээр бүтээгдэхүүний нэр төрлийн шинэчлэл хийж шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой аж. Тухайлбал, бүх төрлийн бетон хана хашаа, замын хашлага, төмөр замын дэр бетон, үерийн даланг хийж болох юм байна.

Барилга угсралтын явцад гарах давуу тал нь тоосгон даацын ханатай угсармал хучилттай барилгын бүтээцийн угсралтын схемтэй төстэй боловч барилгыг бүрэн угсармалжуулж чадсанаар монголын байгаль цаг уурын нөхцөлджилийн дөрвөн улиралд барилга угсралтын ажлыг явуулах боломжтой болж байгаа юм. Барилгын талбайн угсралтын ажилд ажиллах хүчийг тав дахин бууруулж байгаагаараа онцлог. Барилгын талбайд нойтон цутгалтын ажил маш бага хийгдэх юм билээ. Барилгын заслын ажлыг хоёр дахин багасгаж, материал зарцуулалтыг хэмнэнэ. Архитектурын онцлог шийдлийг инженерийн хийцлэлтэй хослуулан угсармал хавтан бүрт цахилгааны монтаж хийх, ариун цэврийн өрөөний плита, барилгад гарах нүхтэй бүтээгдэхүүнүүдийг хялбар найдвартай хийх боломжтой болох зэрэг олон давуу талуудтай юм байна.

“Weiler” брэндийн үйлдвэрийн талаар Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн “Үйлдвэрийн ач холбогдол бол Монголд өвөл байшин барьж, угсардаг болж байгаад байна. Бүх хана, цонх гээд барилгад хэрэгтэй зүйлээ үйлдвэр дотроо угсарчихаад л бүтээн байгуулалт болж байгаа газар нь аваачаад угсарчихана. Дээр нь Герман технологи, герман чанар буюу олон улсын евро стандарт руу шилжиж буй сайн талтай. Үүнийгээ дагаад өвөл ажил зогсож цаг хугацаа алдахгүй. Мөн хамгийн чухал зүйл нь барилгын материалын үнэ буурна. Тэгэхээр байрны м2-ын үнэ буурч эдийн засгийн ач холбогдол бий болгох юм. Энэ үйлдвэр ийм үндсэн гурван давуу талтай. Энэ үйлдвэрийг барилгын яам Монголбанкны хамтарсан барилгын материалыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Энэ хөнгөлөлтүүдийг барилгын салбарын үнийг барих гэж гаргасан шат дараалсан үйлдвэрүүд ашиглалтад оруулж байгаагийн нэг нь юм” гэж онцоллоо.

“Weiler” брэндийг монгол оруулж ирж буй “Гранд байшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Саруулсайханаас үйлдвэрийнх нь талаар сонирхлоо.

Яагаад заавал “Weiler” технологийг оруулж ирж байгаа юм бол?

-Угсармал бетон хавтан ашиглан барилга барих нь маш хурдан технологи гэдгийн бодит жишээ нь 1960-1980 оны сүүл хүртэлх 20 гаруйхан жилийн хугацаанд баригдсан хорооллуудыг хэлж болно. III-IV хороолол, XI хороолол, XIII хорооллууд угсармал барилгуудыг жишээ татаж болж байна. Тухайн үед Зөвлөлт холбоот улсын үед буцалтгүй тусламжаар барьсан байдаг. Харин “Weiler” брэнд нь 1950-иад оноос хойш Герман улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ брэнд Герман улсын стандарт болон евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргадаг учраас 32 улсад хэрэглэдэг юм.

-“Weiler” технологийн давуу тал юу байна?

-“Weiler” технологи нь хавтангуудыг бетон бүхий холбоосоор холбож өгдөг. Мөн дулаалгыг маш сайн, чанарын өндөр түвшинд хийж дулаан алдалтын асуудлыг оновчтой шийдэж өгсөн учир угсармал барилга өвөл хүйтэн гэсэн ойлголтыг үгүйсгэж чадна. Энэ тал дээр 100 хувийн баталгаа өгч байгаа. Ийм технологиор барьсан барилга газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэй байдаг.

Барилгаас өөр зүйл хийх үү?

-“Weiler” үйлдвэр нь цаашид дан ганц байшин үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй ирээдүйд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна. “Weiler” үйлдвэр нь бүх төрлийн бетон хана, хашаа, замын хашлага, төмөр замын дэр бетон, үерийн далан, хурдны зам болон нисэх онгоцны хатуу хучилттай замын үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой.

Өвлийн улиралд барих боломжтой гэсэн байхаа?

-Үйлдвэрт хана, бетонуудаа бүгдийг нь үйлдвэрлэчих юм. Гадаа хийх нойтон процесс нь бараг байхгүй болчихож байгаа юм. Бүрэн хатсан бетон эдлэлүүдийг гаргаад төслийг хэрэгжүүлж барилга барьж байгаа газраа маш богино хугацаанд угсарчихна. Үйлдвэрт угсарчихаж байгаа учраас чанарын доголдол гардаггүй юм.

Танайх есөн давхар угсармал барилгыг хэр хурдан хугацаанд барьж дуусах вэ?

“Үйлдвэр дээр бүтээгдэхүүн нь байж байх юм чинь есөн давхар угсармал барилгыг сарын дотор л угсарчихна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *