Улаанбаатар хотод өчигдөр 15-17 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт үерийн усны 13 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу
Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 7 , 22 дугаар хороо / хуучин 22-ын товчоо, Орбит орчим/ гудамж талбай, айлын гэр, байшин, амины аж ахуйн байр усанд автсан нийт 8 дуудлага ирсний дагуу нийслэлийн Аврах ангиас 1 автомшин, 9 албан хаагч, дүүргийн ОБХ-ээс 3 автомашин 20 албан хаагч, Аврах тусгай ангиас 2 автомашин, 17 албан хаагч нийт 9 автомашин, 51 албан хаагч 32 иргэнийг үерийн уснаас аюулгүй газарт байрлуулан, амь насыг нь авран хамгаалж, шаварт суусан байсан 5 автомашиныг татаж гарган нийт 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалсан байна. Усанд суусан автомашин, усанд автсан айлын гэр, хашаанд усанд боогдсон иргэдээс бага насны хүүхэд 5, жирэмсэн эмэгтэй 1 байсан. Амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүн байгаагүй байна. Мөн Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны айлуудын гэр, хашаа, гахайн байр усанд автсан 4 дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 10 албан хаач, 2 автомашинтай хүрэлцэн очиж усанд автсан гэрийг нүүлгэн шилжүүлж, хашаа, гахайн байранд тогтсон усыг мотопомпоор соруулан иргэдийн аюулгүй байдлыг хангалаа.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14:05 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Мандал” амралтын газрын ойролцоох Туул голын усны түвшин нэмэгдэж амралтын гэр усанд автсан гэсэн дуудлага өгсний дагуу НДОБХ-ээс бэлтгэл ээлжийн 5 албан хаагч хүрэлцэн очиход “Мандал” амралтын газрын гэр болон иргэн С-ийн 3 ширхэг гэр үерийн усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж ажиллалаа.