Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үер, усны аюулаас сэргийлэхийг анхааруулав

Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давжээ. Түүний зэрэгцээ Хойттамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдсэнээр Байдраг, Онги голын эхээр үерийн түвшинг 10-20 см давсан аж. Энэ зуны турш элбэг устай байсан Ховд голын дагууд үерийн болон үерийн аюултай түвшинг 10-15 см давсан хэвээр байгаа гэнэ. Цаашид ч нутгийн зүүн хагаст гурав хоногийн турш бороо орох төлөвтэй байгаа юм. Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулжээ.

Цаг агаарын долоо хоногийн тойм

Баруун аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Салхи баруунаас 5-10 метр секунд байх аж. Дээр дурдсан хугацааны эхний хэдэн өдөртөө сэрүүн байх боловч цаашид халж Завхан, Баянхонгорын хойд хэсгээр өдөртөө 21-26 градус шөнөдөө 9-14 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 32-37 градус шөнөдөө 18-23 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 27-32 градус, шөнөдөө 15-20 градус дулаан байх гэнэ.

Харин төвийн аймгуудын нутгаар өнөөдөр ихэнх нутгаар бороотой. Түүнчлэн маргаашнаас энэ сарын 20-ны хооронд нутгийн зарим газраар, 23-нд хойд хэсгээр дуу цахилгаантай, түр зуурын бороо орох төлөвтэй байгаа. Салхи зүүн өмнөөс баруун эргэж 5-10 метр секундын хурдтай байх гэнэ. Өнөөдрөөс эхлээд гурав хоногийн турш сэрүүвтэр байх бол цаашдаа халж Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 22-27 градус, шөнөдөө 8-13 градус, Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 30-35 градус, шөнөдөө 15-20 градус бусад нутгаар өдөртөө 24-29 градус шөнөдөө 11-16 градус дулаан болох аж.

Зүүн аймгуудын хувьд өнөөдөр, маргааш ихэнх нутгаар, энэ сарын 19-20-нд зарим нутгаар борооших юм байна. Түүнчлэн энэ сарын 21-нд нутгийн зүүн, 23-нд хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орохыг албаныхан анхааруулж байгаа. Салхины хувьд зүүнээс түр зуур 12-14 метр секунд хүрч ширүүсэх хандлагатай байгаа аж. Дээр дурдсанаас цааш хоногуудад өнөөдрөөс энэ сарын 21-ний хооронд ихэнх нутгаар өдөртөө 21-26 градус, шөнөдөө 10-15 градус дулаан байх бол цаад хоногуудад өдөртөө 25-30 градус, шөнөдөө 13-18 градус дулаан байх юм байна.

Тэгвэл говийн аймгуудын нутгаар өнөөдрөөс энэ сарын 19-нийг хүртэл ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орох бөгөөд салхины хурд 12-14 метр секунд хүрч ширүүсэх хандлагатай байгаа гэнэ. Өнөөдрөөс эхлээд гурван хоног өдөртөө 23-28 градус, шөнөдөө 12-17 градус дулаан байх бол цаашдаа ихэнх нутгаар өдөртөө 28-33 градус, шөнөдөө 16-21 градус дулаан байх аж.

Үер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ

Үер, усны аюулаас сэргийлэх эхний алхам бол сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод бусад эх сурвалжаас тогтмол хүлээж авах юм. Түүнчлэн тэнгэрийн байдал, уул, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих зэрэг үер усны аюулаас сэргийлэх уламжлалт аргууд ч үр дүнтэй. Мөн гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барьж болохгүй. Хэрэв үерийн аюултай газар байдаг бол нүүх хэрэгтэй. Үер, уснаас хамгаалах далан, суваг, шуудуу татаж хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн дэргэд орхихгүй байхыг анхаараарай. Үүнээс гадна чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалж, гэр бүлийн бүх гишүүд мэддэг байхад гэмгүй юм.

Хэрэв үер, усны аюулд өртвөл байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах хэрэгтэй. Заавал үер орсон тохиолдолд ч бус хүчтэй аадар бороо үргэлжлэн орвол цахилгаан хэрэгслийг салгаж, үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойрхон өндөрлөгт гарч тэндээ тусламж ирэхийг хүлээх шаардлагатай. Мөн усархаг, үргэлжилсэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулаарай.

Ж.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *