Монгол Улсад нисэх хүчин үүсч байгуулагдсаны 90 жилийн ой удахгүй тохионо. Ойн угталж болгож, өчигдөр “Нисэх хүчин 90” жил эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон ШУТИС, МУИС, БХИС зэрэг байгуулагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид энэхүү хуралд оролцлоо.
1925 оны тавдугаар сарын 25-нд анх Герман Юнкер 12 загварын онгоцтой Монголчууд танилцсан байна. Дөрвөн хүний суудалтай энэхүү онгоц Американ дэнжид бууж, иргэдэд нислэгийн үзүүлбэр сонирхуулж байжээ. Тэгвэл өнөөдөр Монголын нисэх хүчин 2000 гаруй ажиллагсадтай, 15 аймагт нисэх буудалтай том салбар болон хөгжжээ.
Үндэсний агаарын тээврийн авиа компаниудын тоо найм хүрсэн бол өдөр бүхэн 250-300 онгоц Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрч байгаа юм. Тэдгээр онгоцууд өмнө нь 90 км зайтай зөрдөг байсан. Одоо хоорондын зай нь 30 км болж багассан. Ингэснээр дайран өнгөрөх онгоцны тоо нэмэгдэж, тэр хэрээр олох орлого өсчээ. Мөн навигацын албаны үүрэг хариуцлага ч өндөрссөн байна. Нислэг үйлчилгээнүүд олон улсын зэрэглэлд хүрсэн,ажилтнуудын мэддэг чадвар хаана ч гологдохгүй гэдгийг иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан н.Лхагваа хэллээ. Хоорондоо 35 км зайтай зөрж байгаа орон орны онгоцуудыг аюул осолгүй зохицуулна гэдэг өндөр мэргэжил шаардсан ажил гэдгийг тэрээр онцолсон юм.
Улс орнууд нутаг дээгүүр нь дайран өнгөрсөн онгоц тутмаас тодорхой хураамж авдаг. Өнгөрсөн онд Монгол Улс 68 тэрбум төгрөгийг навигацийн хураамжаас олжээ. Энэ жил 88 тэрбум төгрөг олохоор төсөвт тусгасан байна.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь нисэхийн салбарт олсон амжилтаа дүгнэх, цаашдын чиг хандлагаа тодорхойлоход чиглэлээ.