Categories
мэдээ цаг-үе

Өдөр дугхий

Биологийн цагаар бол 13 цагт хүний элэг амралт “нэхдэг” юм байна. Тийм болохоор хүний бие цаанаасаа л сульдаж ажиллах идэвхи буурч ядарч эхэлнэ. 14 цагт биеийн хүч чадал, тамир бүр ч суларна. Энэ байдал 15 цаг хүртэл үргэлжилдэг. Үүнийг хүмүүс төдийлөн анзааралгүй “Өдрийн хоолоо ихдүүлчихсэн чинь нойр хүрээд, нозоороод байх чинь” гэж нойрмоглосоор албан тасалгаандаа орж ирдэг. Зарим нь өдрийн хоолоо идсэн цайны газар, зоогийн газартаа суниаж, нулимсаа гартлаа эвшээнгээ “Одоо таван минут дугхийчихвэл янзын болох гээд байна” гэнэ. Ийм дүр зургийг та бид өдөр тутамдаа хардаг бас өөрсдөө ч мэдэлгүй ингэдэг.

Манай урд хөршид өдрийн хоолны дараа унтлагын нэг цаг гаргаж өгдөг. Өглөөнөөс хойш ажилласан хүмүүс нэг цагийн дотор унтаад авъя гээд хаа тааралдсан газраа “давсанд явдаг”. Энэ жишгийг баруунд ч нэвтрүүлж өдрийн цайны цагийн дараа унтдаг зочид буудлын үйлчилгээг хүртэл гаргачихлаа. Өдөр нь ажилчдаа унтуулахад ажлын бүтээмж нь эрс дээшилсэн Азийн томоохон үйлдвэр, компанийн туршлага одоо Европт “од” болж байна. Манайд ч энэ туршлагыг анзаараад албан байгууллага, компаниуд туршаад үзвэл эерэг үр дүн гарч л таараа. Нөгөө талдаа манайх шиг элэгний өвчлөл, хорт хавдар ихтэй оронд хүмүүс нь өдөр унтаад хэвшчихвэл энэ аюулт өвчнөөс тодорхой хувиар ч болтугай гэтэлнэ. Ажлын найман цагийнхаа нэг цагийг унтчихаар юу болох билээ гэж эсэргүүцэх хэсэг байж мэднэ. Заавал нэг цаг унт гэсэн үг биш л дээ. Англичуудын судалгаагаар 25-30 минут дугхийхэд л хүний бие организм өглөө сэрсэн мэт сэргэлэн болчихдгийг тогтоосон байдаг. Өдөр унтаад хэвшчихсэн хүмүүс бусдаасаа 3-5 жилээр урт насалж байна гэдгийг эрдэмтэд тогтоочихсон. Тэгэхээр өдрийн цагаар ширээ эсвэл сандлын түшлэгээ дэрлэн дугхийж байгаа хүн байвал “Ажлаа хий” гэж чанга дуугарч битгий цочоогоорой. Та ч гэсэн дугхий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *