“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигч таны гар дээр очиж байна.
Эмнэлгүүдийн ачаалал жил жилийн зуны улиралд буурдаг. Гэтэл сүүлийн үед жилийн дөрвөн улирлын турш ачаалалтай ажиллах болжээ. Манай сонин “Өдрийн сурвалжлага” буландаа энэ асуудлыг хөндөж байна. Эмнэлгүүд чухам ямар шалтгаанаар жил тойрон ачаалал ихтэй байдаг болсныг өнөөдрийн дугаараас сонирхоорой.
“Баримт, үзэл бодол” буланд уламжлал ёсоор нийтлэлч Б.Цэндоогийн нийтлэл багтлаа. Нийтлэлчийн “Соёлын довтолгоо:Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” бестселлер бүтээлийн хэсгээс өнөөдрийн дугаарт онцолж байна.
Я.Содбаатар гишүүн байнгын хорооны хурлыг бусниулсан шалтгаан болон Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан зэрэг цаг үеийн анхаарал татсан мэдээллүүд “Улстөр” буланд нийтлэгдлээ.
Хүүхдийн зуслангуудын төлбөр, хуваарь энэ жил ямар байх, хэчнээн зуслан хүүхэд хүлээж авах бэлтгэлээ базаасан зэрэг хэрэгтэй мэдээллийг зургадугаар нүүрэнд багцаллаа.
Элсэлтийн шалгалт удахгүй болох гэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх хэрэгтэй мэдээллийг энэ өдрийн дугаарт нийтэлсэн байгаа.
Улаан бурхан өвчний дэгдэлт өндөр байна. Хүн олноор цугласан арга хэмжээ зохиох бүр дэгдэлт улам ширүүснэ гэсэн сэрэмжлүүлгийг ХӨСҮТ-өөс өглөө. Удахгүй болох хүүхдийн баярын үеэр хүүхдээ олон цугласан газар дагуулж явахгүй байхыг тус төвөөс анхааруулж байна. Энэ талаарх мэргэжлийн эмчийн сэрэмжлүүлэг ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.
Шашны номлогчийн охин “Форбес сэтгүүл”-ээс зарласан нөлөө бүхий эмэгтэй улстөрчдийн жагсаалтыг тав дахь жилдээ тэргүүллээ. Украйны асуудлаас болж муудсаар буй Орос, Америкийн харилцааг зөөлрүүлэгч гэж үнэлэгдсэн Германы канцлер Ангела Меркелийн талаар сонирхолтой мэдээллийг багтаасан хөргийг “Дэлхийн улс төрч” буланд онцолж байна.
“Дэлхийн мэдээ” буланд олон улс судлаач Н.Туяагийн “Орос, Хятад хоёр Евразийн тулах цэг, олох төрхийг төсөөлж эхлэв” гэсэн өгүүлэл нийтлэгдлээ. Ялалтын баярын өмнөх өдөр Хятадын дарга, Оросын Ерөнхийлөгч хоёрыг гарын үсгээ зурсан баримт бичгүүд ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг шинжсэн судлаачийн байр суурийг өнөөдрийн дугаараас сонирхоорой.