Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

“Өдрийн сонин”-ы нийтлэлүүд монголчуудын оюун санааны чиглүүлэгч нь болдог

Монгол Улсын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрний онцлох нийтлэл монголчуудын оюун санааны чиглүүлэгч нь байж, нийгмийн дархлаа нь болдог. “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаарт төрийн шагналт Баабар чухам хэрхэн даацтай бүтээл-нийтлэл бичихийг, дараа өдөр (пүрэв гараг) нь төрийн шагналт Б.Цэнддоо ямархан хоржоонтой нийтлэл фельеотон тавьж, нийгэм даяар шуугиан болгохыг Монголын ард түмэн хүлээдэг. Хүлээгээд зогсохгүй улс төр, эдийн засаг, нийгмийн судлаачид тэдний шинэхэн бүтээл бүрийг нь анхааралтай ажиглаж, зүг чиг авдаг. Мөн олон улсын шинжээчид болоод эдийн засаг, уул уурхай, улс төрийн дэлхийн томоохон сонин сэтгүүлүүдийн гал тогоо анхаарлаа хандуулдаг юм. Тэд бол улс үндэстний оюуны лидер, гүн сэтгэгчид билээ. Сүүлийн хорь гаруй жил “Өдрийн сонин”-д Баабар, Цэнддоогийн сонгодог нийтлэлүүд тасралтгүй хэвлэгдэж ирсэнд үнэ цэнэ нь оршино.

“Өдрийн сонин”-ы оюуны эх булгийн ундарга нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, нэрт нийтлэлч Жамбалын Мягмарсүрэнгээс эхтэй юм. Тэрээр ерээд оны эхэн үеийн нийгмийн шуурган дунд “Гэдгэр гуйлгачин”, “Мал дагавал мал болно” тэргүүт нийтлэлүүд бичиж, эсэргүү, адармаатайгаараа дуудуулан, дуулиан дэгдээж байсан. Аливаа асуудлыг хий хоосон цэцэрхэл, номчирхол бус жинхэнэ амьдралын философиос ургуулж илэрхийлсэн эдгээр бүтээлүүд тухайн цагт үнэндээ этгээд сонин байсан нь мэдээж. Тиймдээ ч Монголын сэтгүүл зүй, оюуны ертөнцөд бүтээл туурвил нь нэршил болж үлдсэн хэрэг. Мягаа эрхлэгчийн эх ундаргыг нь бий болгосон Монголын лидер сонины оюун санааны буухиа Баабар, Цэнддоогоор өртөөлөн дамжиж, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нийтлэлч Гомбын Дашрэнцэн, хөрөг туурвил болоод нийтлэлийн мастер Шагдарсүрэнгийн Цэрэнпил, “Балдорж”-ийн гран-при шагналт нэрт нийтлэлч Жамбалын Гангаа нарын авьяас билгийн түүчээ болсон эрхмүүдээр үргэлжилсэн юм.

Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан нарын шуугианы эзэн топ сэтгүүлчид ч манай сонины бүтээгдэхүүн бөгөөд энэ л оюуны уурхайн гал голомтыг түшсэн байдаг. Сэтгүүл зүйн нэгэн үеийн түүхийн эзэн тэд утга уянга, улс төр, эгэл амьдралын альчиг төрөл жанрын хурц дайчин нийтлэлүүдээрээ алдаршиж, “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдын талархлыг хүлээснийг бид мэднэ. Харин нийгмийн гол дархлаа болсон энэхүү уурхайг өдгөө Монголын сэтгүүл зүйн өнөө цагийн нэрийн хуудас нь болж яваа Дашбалбарын Мөнгөндалай, Пүрэвийн Хашчулуун, Энхцагийн Энэрэл, Дэмбээгийн Оюунтуяа нарын олон шилдэг нийтлэлч, сэтгүүлчид буухиалан авч явна. Тэдний бүтээл туурвил сонины шинэхэн дугаар бүрийн гуравдугаар нүүрийг итгэл төгс эзэгнэж, аатай, адармаатай, өмнөөс нь халгамаар, сэтгэл огшмоор, өөрийн эрхгүй нэгийг бодуулж, хоёрыг сануулан уншигчдын уураг тархинд мөнхийн сэрүүлэг шиг очсоор байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлүүд монголчуудын оюун санааны чиглүүлэгч луужин нь болдгийг үй түмэн жишээ баримтаар дурдаж болно. Өглөө бүрийн ургах нартай хамт уншигч таны сэтгэл оюунд нийгмийн сэтгэлгээг манлайлан дагуулах нийтлэлээ бид авьяас төгөлдөр сэтгэгчид, бичгийн их мастеруудын үгээр хүргэдэг. Тэгэхээр хэзээ ч шавхагдашгүй агуу их оюуны уурхай гэдэг нь нэвт шувт мэдрэгдэнэ. “Өдрийн сонин” хэмээх топ брэндийн амин судас нь гуравдугаар нүүрт хэвлэгддэг нийтлэлдээ оршдог юм. Улс нийгмийн дархлаа нь болтол энэ олон жилийг туучиж ирэхдээ хичнээн зуун мянган санал санаачилгыг дэвшүүлснийг хэлж яахин барах билээ дээ. Сүүлийн нэг, хоёрхон жилийн нийтлэлүүдийн зах зухаас аваад үзэхэд, нийгмийн олон сэдвийн хүрээ хязгаар тодорхойлогдож байна.

Тухайлбал, сүүлийн 25 жил манай сонин өвлийн уралдааныг хориглох нь зөв хэмээн хатуу байр суурьтай тэмцэж ирсэн. Чөмөг царцаам тэсгим хүйтэнд нүүрэндээ үстэй адгуус уралдуулж зугаагаа гарган, амьтны үрийн алтан амиар нааддаг баячууд, эрх дархтнуудын өмнөөс бид сөрж зогссон. Монгол ёс уламжлалаа уландаа гишгэгсэд биднийг элдэв янзаар хараан зүхэж байсан бол сүүлийн арван жил байдал өөрөөр эргэж, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө төрийн бус байгууллагууд төдийгүй төр засгийн түшээд ч санаа нийлж, засгийн хэмжээнд хүртлээ яригдсан.

Мөн “Өдрийн сонин”-ы уриалга нийтлэлийг дэмжиж өнгөрөгч онд Хөвсгөл, Төв аймгийн Засаг дарга нар өөрийн аймгийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын нэгнийг хүртэл өвөл, хаврын морин уралдаан зохион явуулахыг хориглох шийдвэрийг гаргаж байв. Ялангуяа Төв аймгийн Засаг даргын шийдвэр Засгийн газрын хуралдаанаар яригдаж, “Дүнжингарав” уралдаан болох эсэх нь эргэлзээтэй болж байсан. Гэвч Засгийн газраас уралдаан зохион байгуулах шийдвэр гарган, өнгөрөгч хавар хоёрдугаар сарын 28-нд “Дүнжингарав” болоход тэр өдрийн туршид цахим ертөнцөөөр “Баячууд хүүхдүүдээ моринд байтугай Монголд ч ойртуулдаггүй” гэх “Өдрийн сонин”-ы нийтлэл цацагдаж, тус уралдааныг хүн бүхэн давалгаалан эсэргүүцэж байсан. Мөн бидний санаачилгыг дэмжин 2015 онд УИХ-ын эмэгтэй гишүүд “16-гаас доош настай хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох” хуулийн төсөл боловсруулж байлаа.

Манай сонины бодлого болгон явуулдаг мөнхийн сэдвийн нэг бол дотуур байр юм. Хоёр жилийн өмнөх зургадугаар сарын нэгний өдрийн дугаартаа “Хүүхдийн баяраар дотуур байр хэмээх шоронг халъя” хэмээн бичиж байсан. “Дотуур байр хэмээх энэ шорон малаас нь хүнийг хөндийрүүлэхгүй гэсэн социализмын харалган бодлого дээр байгуулагдсан. Нэгдэл нийгмийн мал хуйтай айлуудыг хүүхдээ сургууль соёлд сургана гээд малаасаа хөндийрчих вий, ноос ноолуур, дэл сүүл, айраг сүүний төлөвлөгөө тасарчих вий гэсэндээ сум суурин бүхэнд дотуур байр барьж, амьтны алаг үрсийг өнчин хурганаас ч дорд үзэж өнөөх шорондоо хашсан байдаг” гэх утга бүхий цуврал нийтлэлүүд гарсны дараа нийгэмд олон арван хөдөлгөөн өрнөсөн. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Нээлттэй нийгэм форумтай хамтарч төсөл судалгаа хэрэгжүүлэн “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дотуур байр стандартын наад захын шаардлага хангадаггүй, хүйтэн цэвдэг, хүчирхийлэл, хатуу дэглэм, өс хонзонгийн оромж болсон”-ыг салбарын яаманд нь мэдэгдэж байлаа.

Азийн ихэнх орноос салбар бүрийн Нобелийн шагналтнууд төрж буй энэ цагт “Монголын боловсролын шалгуур бол Нобелийн шагналтан юм” гэж бид үздэг. Дэлхийн сод хүн төрөхгүй, дэлхийн нэг чиг брэнд бүтээгдэхүүн гаргаагүй харанхуй бүдүүлэг, дэндүү хоцрогдсон байгаа минь дотуур байртай холбоотой. Цаашлаад эрдэм оюунт хүнээ малаасаа дор үздэг сэтгэлгээтэй нь холбоотой. “Монголын төр мал сүргийг маамуугаас илүү энхрийлнэ”, “Хонины хурга зутарна гэж хоничны хөвгүүн бэтгэрэх ёстой юу”, “Монголын малчдыг Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байна” гэх нийгэмд дуулиан шуугиан болсон үй олон нийтлэл гэрчилнэ.

Үүнээс гадна “Өдрийн сонин”-ы улс төрийн нийтлэлүүд улс нийгмийг удирдан чиглүүлж, ямар нам эвсэл, нэр дэвшигч төрийн эрхэнд гарахыг хүртэл зааж зааварлаж ирсэн. Улс төрийн халуун нийтлэлийг улайстал нь бичиж, эрх баригчдаас огтхон ч эмээлгүй үнэний дуу хоолой болж ирсэн сэтгүүлчид “Өдрийн сонин”-ы индэр дээрээс ирт хутга шиг үгээ хэлдэг. Бид аль ч засгийн үед ард түмнийхээ талд зогсож сөрөг хүчний үүргийг гүйцэтгэн, хүчтэй дуу хоолой нь болдог. Хуучин “ху”-гийн үед ч, ардчилсан засгийн үед ч, одоогийн Ардын намын үед ч сөрөг хүчний байр сууриа хадгалж чадсан маань мянга мянган уншигч олныхоо итгэлийг алдаагүйгээр хэмжигдэнэ. 2008 оны долдугаар сарын 1-ний цуст үймээний онц байдлын өдрүүдэд Монголд ганцхан “Өдрийн сонин” л хэвлэгдэж, ард түмнийхээ үнэний туг нь болж, Монголын лидер хэвлэлийн алтан дүрмийг барьж явсныг хожмын түүх гэрчилнэ биз ээ.

“Өдрийн сонин”-ы ташуур амсаагүй улстөрч Монголд ховор. “Энхбаярын босгосон хатуу цайзыг Өдрийн сонин л буулгаж авлаа” гэдэг бол “зовлон” үзсэн нөхдийн хэлсэн үг болов уу. “Цэц гуай зөнөгөрсөн нь үнэн юм биш үү”, “Гараа “цусанд дүрсэн” хүмүүс монгол төрийн ариун сэнтийд суух эрхгүй”, “Ерэн настай МАХН моргоос гарч ирлээ”, “Ухаантнууд нь улс төрд орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг”, “Тэнэгэрсэн ард түмэн болох гэж зүтгэснийхээ горыг амсч эхэллээ”, “Энэ эрчүүд чивтэй чавганц болчихжээ” гэж “Өдрийн сонин” л зоригтой хэлнэ.

Мөн “Нүүрсчдийн нам шороочдын нам” гэх хэллэгийг бий болгож, “Ганцаараа идвэл Ганц худагийн парламентад, олуулаа идвэл ордны парламентад” хэмээн сануулж байлаа. “Баярлана гэдэг балгахын нэр биш” хэмээх нийтлэл тухайн цагтаа бас л нийгмийн хэллэг болж, “Архигүй Монгол” зэрэг олон хөдөлгөөн өрнөж, сүү өргөөд эхэлсэн юмдаг. “Төрийн өндөр алба хаших хүмүүст дээд боловсролтой байх ганцхан шалгуур тавих хэрэгтэй”, “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна”, “Ромео Жульетта жүжгийг хориглоё”, “Бид бие биедээ мэхийж хүндэлдэг хуультай болмоор байна” гэх энэ олон нийтлэлүүд бүгд нэг нэг том оюуны уурхай юм. “Засаатай эмгэн буюу Монголын хошин урлаг”, “Монгол бөхийн мөхөл ба бүсийн наадмууд” зэрэг олон нийтлэл урлаг, спортыг хөдөлгөөнд оруулж байв. Энэ бүхэн бол зүгээр л зах зухаас нь хэлтлэх төдий ойрын жишээ юм. “Өдрийн сонин” ингэж үндэсний том хэвлэлийн өндөрлөгөө хадгалж, монголчуудын оюун санааны чиглүүлэгч нь болдог гэдгийг сүүлд нь нэмээд хэлчихье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы нийтлэлүүд монголчуудын оюун санааны чиглүүлэгч нь болдог нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өдрийн сонины нэгдүгээр нүүрт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага гарчээ. Эндээс та монголд тарьсан шинэ ногооны үнэ ханш болон бусад мэдээллийг аваарай.

Улс төрийн нүүрэнд Ц.Оюунбаатар: Улс төрийн тогтолцоонд реформ хийх шаардлагатай ярилцлага гарчээ.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрнээс нийтлэлч Н.Гантулгын “Өдрийн сонин”-ы нийтлэлүүд монголчуудын оюун санааны чиглүүлэгч нь болдог нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн 5-р нүүрнээс “Монголын зэс” корпораци “Монголросцветмет”-ийг худалдан авчээ нийтлэлийг уншаарай.

7-р нүүрнээс Бичигтийн боомтоор хил давсан цагаан зээрийн 350 ширхэг эвэр хил гарсныг илрүүлжээ нийтлэл хэвлэгджээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *