Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хувь хүний биш багийн спортыг хөгжүүлье” нийтлэл хэвлэгдлээ

Уншигч, захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар танд хүрч байна. Амралтын энэ дугаар 12 нүүрээр хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжлагаар олон улсын сайн дурынхны үйл ажиллагааг онцоллоо. Тэд манай улсын эдийн засагт 3.8 тэрбум төгрөгийн хувь нэмэр оруулсан байна.

Мөн тэргүүн нүүрнээс УИХ-ын чуулганы тоймыг эхлүүлэн уншаарай. Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг баталж, Ерөнхий сайд нийгмийн даатгалын салбарын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм. Зөрчлийн тухай хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжих юм. Хуулиар ямар, ямар зөрчлийг зохицуулахаар тусгасныг “Өдрийн сонин”-оос дэлгэрүүлэн унших боломжтой.

Нэг ангийнхэн булангаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбатын ангийг уншигчидтайгаа уулзуулж байна. Таван онцын эзэдтэй байсан эдний ангиас салбар салбарын тэргүүнүүд, баригадын генерал хүртэл төржээ. 70, 80-аад оны арван жилийн сурагчдын тухай өгүүлэх энэхүү нийтлэл нь уншигч таны хүүхэд ахуй насны нандин дурсамжийг сэргээх болно.

Баримт, үзэл бодол нүүрт “Монголд хувь хүний биш багийн спортыг хөгжүүлье” нийтлэл хэвлэгдлээ. Тус нийтлэлд багийн спортын амжилт улс орны нэр хүнд хийгээд хувь хүний багаар хамтран ажиллах чадвар, бие биеэ гэсэн ухамсрыг өгдөг тухай өгүүлсэн байна.

Гэмт хэргийн тойм буланд энэ долоо хоногт олны анхаарал татсан хэргүүдийн талаар багцалсан байна. Тухайлбал, цахим ертөнцөд шуугиан тариад байгаа цэцэрлэгийн тогооч хүүхэд зодсон тухай онцолжээ.

Амралтын энэ дугаарын тогтмол булангийн нэг бол Өдрийн зочин билээ. Энэ удаад “Гоёл-2016” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Д.Баяртогтохыг онцоллоо.

Дэлхий мэдээ булангаас Японд терроризмтой тэмцэх төв байгуулахаар болсон тухай, Сирийн асуудлаар Нью-Йоркт болох хэлэлцээр, Хятад улс цөмийн реакторын тоогоо нэмнэ гэх зэрэг мэдээллүүдийг уншаарай.

Уншигчдынхаа амралт, чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Амрах агшин” нүүрт бүхий л насныханд зориулсан мэдээллийг тусгадаг билээ. Уламжлал ёсоор үгийн сүлжээ, сургамжит өгүүллэг, бяцхан уншигчдад зориулсан хүүхэлдэйн баатрын ялгааг олох зураг нийтлэгдсэн байна. Мөн Их дүйчин өдөр буюу зулын 25-ны өдрийн бэлэгдэл, утга учир, энэ өдөр ямар ёс заншил үйлддэг талаар танин мэдэхүйн мэдээллийг уншигчдадаа зориуллаа.

Өд бэх нүүрт Монголын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзанын уншигчидтайгаа уулзсан тэмдэглэлийг хүргэж байна. Тэрбээр өөрийнхөө фэнүүдтэйгээ уран бүтээлийнхээ талаар олон сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд өөрийгөө “маньяк” уншигч гэж тодорхойлжээ.

Харин арын нүүрээр та бүхэнтэй тогтмол уулздаг Гал тогоо буланд таны хоолны цэсэнд шинэ жор нэмэхээр хэд хэдэн жорыг танилцууллаа. Ямааны махтай энэтхэг карри, броклинтой зутан бэлтгэх аргууд эзэгтэй нарт лав таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ном ярьж өгье буланд Нобелийн шагналт, Оросын зохиолч Иван Алексеевич Бунины “Митягийн хайр” номыг сонирхууллаа. Мөн арын нүүрээс зурхай, цаг агаар, валютын ханш зэрэг хэрэгцээт мэдээллүүдээ аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *