“Өдрийн сонин”-ны пүрэв гаригийн дугаарын тойм уншигчдын гарт хүрлээ. “Өдрийн сонин” энэ дугаартаа МУИС-ын 69 дэхь төгсөлтөөс хийсэн сурвалжлагыг нийтэллээ. Тус сургуулийн энэ удаагийн төгсөгчид нэгэн шинэлэг бас авууштай санал санаачлагыг ажил хэрэг болгожээ. Тэд хэт үрэлгэн хэмээн шүүмжлүүлэх болсон төгсөлтийн баярынхаа цайллагын мөнгөнөөс зүрхний дефибирилляторын аппарат авч Хавдар судлалын үндэсний төвд бэлэглэж байгаа аж. Энэ тухай болон МУИС-ын 69 дэх төгсөлтийн эргэн тойронд ямар арга хэмжээнүүд өрнөснийг энэ нийтлэлээс сонирхоорой. Тэрчлэн дугаарын эхний нүүрээс уншигчдад хүрч байгаа бас нэгэн нийтлэл нь удахгүй болох Улсын баяр наадмын уур амьсгалыг шингээжээ. “Өдрийн сонин” жил бүрийн наадмын өнгө, бөхийн хүчийг урьдчилан дүгнэж уншигч олонтойгоо хэлэлцдэг уламжлалаа давтаж байна. Сэтгүүлч Н.Гантулга энэ жил хэний хүү хүчтэй байхыг тоймлон хүргэснийг унших боломжтой.
Тэрчлэн сонины нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж” гарчигтай нийтлэлээ уншигч олноо толилуулж байна. Олон жилийн турш улс төрийн элдэв акц үйлдлүүдийг ёгтолж уншигч олныхоо элгийг эмнэж яваа тэрээр энэ удаа “Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.
Парламентын шийдвэрийн дагуу Иргэний бүртгэлийнхэн ч шуурхай ажиллаж иргэн “Далайхүү”-гийн нэрээс Монголд байхгүй их усны нэрийг хассанаар уг ажил цааш өрнөж. Иргэн гомдол гарган шүүхэдсэн боловч
-Чиний нэрээс “Далай”-г нь хасаад “хүү”-г нь үлдээсэн нь багадаа юу? Олон таван юм ярьдаг ийм чалчигнасан этгээдэд “хүү” гэдэг тодотгол ч зохихгүй байна. Иймд нэрийг нь “охин” болго гэсэн шийд гаргасан гэх. Өглөө Далайхүү нэртэй гэрээсээ гарсан хархүү оройдоо “оргүйд орвол охинтой” төдий амьтан харьсан түүх энэ болой” хэмээсэн нь саяхан далай аварга цолыг хассан хуулийг үнэхээр сайн ёгтолж буйн илрэл бизээ.
Харин улс төрийн үйл явдлуудыг шингээдэг буланд УИХ-ын гишүүн А.Бакейгийн ярилцлага хийгээд өчигдөр хуралдсан байнгын хороодын хуралдаан УИХ-д намуудын нууц уулзалтаар юу хэлэлцсэнийг унших боломжтой юм. Тэгвэл гадаад мэдээ мэдээллийн нүүрт НҮБ-ын даргад эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх болсон тухай, Клинтоныхон татвараас зайлсхийсэн нь үнэн эсэх тухай гээд олон мэдээ мэдээллийг уншх боломж байна.